Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой гэв

УИХ-аар хэлэлцэж буй УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Ерөнхийлөгчөөс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулга бүхий энэхүү хуулийн төслийг гишүүд янз бүрээр хүлээн авч байх шиг байна?
 
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой заалт Үндсэн хуульд байдаг. Харин түдгэлзүүлэх эсэхийг хэрхэн шийдэхийг УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс энэ бол цоо шинэ асуудал биш л дээ.
 
Уг нь 2006 онд баталсан УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалт байсан. Гэтэл үүнийг 2010 онд Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаж, тогтоолоор хүчингүй болгосон. Одоо бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой заалт УИХ-ын тухай хуульд байхгүй байгаа юм. Тиймээс хэрэв өнөөдөр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд, ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулан шалгах асуудал үүсвэл хуулийн байгууллагууд бүрэн эрхийг нь хэрхэн түдгэлзүүлэх асуудал нь ойлгомжгүй байгаа юм. Учир нь гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах заалт Үндсэн хуульд бий. Тиймээс эдгээр нь хоорондоо зөрчилдөж байгаа учир Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл санаачилсан юм.

-Төсөл ердөө хоёр л заалттай байх аа?  
 
-Хуулийн төсөлд үндсэн хоёр заалт багтаж байгаа. Ингэхдээ Улсын ерөнхий прокурор дараахь хоёр үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д санал оруулж, шийдвэрлүүлнэ гэж зааж байгаа. Үүний эхнийх нь гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчилсан бол санал оруулна. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн асуудлыг тавихаар тусгасан.

Ер нь гэмт хэрэг үйлдэж байх явцад нь нотлох баримттайгаар баривчлагдах тохиолдол маш цөөн. Ийм хэрэг ч цөөхөн байдаг. Мэдээж, хэргийн газар дээрээ баригддаг хүн амины, дээрмийн, танхайн гэх мэт Эрүүгийн хэргүүд бий. Харин албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн авлига авсан, зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа хэргүүдийг хэргийн газар дээр нь нотлох баримттайгаар баривчлах тохиолдол бараг байдаггүй. Манайд бүү хэл дэлхийн практикт ч байхгүй гэж болно. Ийм хэргүүдийг мөрдөн байцаалтаар л илрүүлдэг. Үүний эцсийн гэм бурууг шүүх тогтооно. Мөрдөн байцаагч тухайн хүнийг гэмт буруутайг нотлохын тулд үзлэг нэгжлэг хийх явцад УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ойлголт саад болж эхэлдэг. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага үүсдэг гэж хэлж болно. Тэр утгаараа “мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн” гэсэн заалт оруулж ирж байгаа юм.

Гэхдээ энэ нь гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх нь УИХ-даа хадгалагдах зарчимтай нийцнэ. Учир нь Үндсэн хуульд ийм заалт бий.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүд мөрдөн байцаагчийн саналд үндэслэн гэдэг заалтад нэлээд анхаарал хандуулж байсан. Тэд мөрдөн байцаагч нь ийм санал тавих хангалттай эрх мэдэлгүй гэж үзээд байгаа?

-Гишүүд хоёр зүйлийг хамтад нь ойлгоод байгаа юм. Тухайлбал, О.Баасанхүү гишүүн бол “Гишүүний гэм буруутайг шүүх тогтоох ёстой. Шүүх тогтоогоогүй байхад мөрдөн байцаагч бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тавих ёсгүй” гээд байгаа юм. Үндсэн хуульд энэ агуулга өөр байгаа. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гуравт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж байгаа. “Гэмт хэрэгт холбогдсон тухай” гэж байгаа шүү. Түүнээс бус “гэм бурууг тогтоох” гэж заагаагүй.

“Хэрэв тухайн гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эргүүлэн татна” гэж байгаа юм. Тиймээс зарим гишүүний ярьж байгаагаар шүүх гэм буруутайг тогтоочихвол бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яригдахгүй. Харин гишүүнээс нь эргүүлэн татах асуудал яригдана. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар ярина гэж байгаа. Ийм л хоёр тусдаа ойлголт байгаа юм.

Мөрдөн байцаагч гэдэг бол Эрүүгийн хуулийн дагуу өөрөө мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг, байцаалт авдаг. Тиймээс тэр хүн тодорхой эрх мэдэлтэй. Бүр мөрдөн байцаагчийн хэнтэй ч хуваалцахгүй эрх мэдэл ч гэж бий. Түүнээс бус Эрүүгийн хуульд мөрдөн байцаах албаны дарга нь тэгнэ, эсвэл удирдлага нь тэгнэ гэсэн зүйл байхгүй.

-Үйдэл дээр нь, нотлох баримттайгаар баривчилбал гишүүнээс түдгэлзүүлэх тухай заалт өмнө нь манайд байсан ч Цэц дээр очоод уначихсан. Одоо дахин оруулах нь хэр оновчтой санаа юм бол?

-Өмнө нь Ерөнхий прокурор санал гаргасан бол УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр заасан байсан. Тиймээс Цэцийн гаргасан дүгнэлтэд “Прокурор санал гаргасны дараа УИХ түдгэлзүүлнэ гэдэг нь Үндсэн хуульд байгаа түдгэлзүүлэх эсэхийг нь УИХ шийднэ гэдэгтэй зөрчилдөж байна” гэж үзсэн байсан. Харин энэ удаа Ерөнхийлөгчөөс оруулж байгаа хуулийн төсөл нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулна, эцсийн шийдэл нь УИХ-даа байх Үндсэн хуулийн зарчимтайгаа нийцсэн байдлаар боловсруулагдсан.

-Гэхдээ байнгын хорооны хуралдааны төгсгөлд санал хураахад “мөрдөн байцаагчийн саналд үндэслэн…” гэсэн заалт дэмжигдээгүй. Одоо ажлын хэсгийнхний зүгээс хэрхэх вэ?

-Зөвхөн мөрдөн байцаагчийн саналд үндэслэн гэдэг үгнээс болоод ингээд байгаа бол тэр хэсгийг авчихаж болно. Гэхдээ энэ заалт зайлшгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай бол Улсын ерөнхий прокурор саналаа оруулж ирээд УИХ-аар шийдүүлдэг байх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ямар ч асуудал УИХ-д орж ирэх боломжгүй болно. Яагаад гэвэл нотлох баримттайгаар баривчлагдах тохиолдол тун цөөн гэдгийг дээр хэлсэн шүү дээ.

Нөгөө талаас өмнөх хуульд үүнээс ч дордуулсан заалт байсан. УИХ-ын гишүүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх заалт байлаа. Гэхдээ үүнийгээ УИХ өөрөө хүчингүй болгосон.

Харин одоо бол яллагдагчаар татна гэдэг арай өөр ойлголт. Сэжигтэн биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэгт тодорхой хэмжээгээр буруутай нь тогтоогдоод ирсэн тохиолдолд яллагдагчаар татдаг. Тиймээс яллагдагчаар татсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулна гэдэг нь Үндсэн хуультайгаа нийцсэн асуудал юм.  
 
-Зарим гишүүдийн зүгээс “Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд хэт оролцсон хуулиудыг санаачилж байна” гэж байсан. Энэ хэр бодит дүгнэлт вэ?
 
-Зарим нэг гишүүний зүгээс Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхийлөгчийн институттэй холбооотой хууль санаачлах эрхтэй болохоос бус УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн асуудалтай холбоотой хууль санаачлах ёсгүй гэж байсан. Тийм зүйл байхгүй. Өнөөдөр Монгол Улсад парламентийн ардчиллыг хөгжүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг төлөвшүүлэх асуудал нь хэн нэгэн УИХ-ын гишүүний өмчлөлийн асуудал биш. Монголын ард түмэн хууль санаачлах эрхийг 78 субъектэд өгсөн. Тэдний нэг нь Ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл, хууль санаачлах нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон, хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Энэ эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч ямар ч асуудлаар хууль санаачилж болно.
 

Т.ГЭРЭЛМАА
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж