Хятадад сэтгүүлчид жагсав

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Хятадад сэтгүүлчид жагсав

Хятадын Гуанжоу хотын “Southern Weekly” сонины сэтгүүлчид Засгийн газраас хэвлэл мэдээлэлд хатуу хяналт тавьж буйг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал зохион байгуулжээ. Сэтгүүлчдийн эсэргүүцлийн жагсаалд одоогоор 100 гаруй хүн нэгдээд байгаа бөгөөд тэд Хятадын коммунист намыг хэвлэл мэдээлэлд нөлөөлж буй эсэргүүцэн, сонин, сэтгүүлийн редакциудад шинэчлэлт хийх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг шаардсан байна. Түүнчлэн сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулж байгааг дүрслэн “Southern Weekly” сониныхоо сүүлийн дугааруудыг редакцийнхаа байрны гадаа дэвсэж, дээр нь шар цэцэг тавьжээ. “Southern Weekly”  сонины сэтгүүлчид шинэ оныхоо эхний дугаарт улс төрийн шинэчлэлтийн талаар нийтлэл бичсэн нь сонины редакцид очоод эрх баригч Коммунист намыг өргөмжилсөн нийтлэл болж өөрчлөгдсөн энэхүү тэмцэл гарахад голчлон нөлөөлсөн аж. Сонины сэтгүүлчдийн мэдээлснээр тэдний бичсэн нийтлэлийн утга өөрчлөгдөх байдал удаа дараа гарах болсон Гуандун мужийн захирагч өөрчлөгдсөн үеэс эхтэй гэнэ.

“Southern Weekly” сонины сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногоос эсэргүүцлийн мэдэгдлээ цацаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус сонины албан ёсны цахим хуудас хаагдсан байна. Мөн Хятадын хамгийн алдартай микроблог сайт болох “Sina Weibo”-аас тус сонины сэтгүүлчдийн бичсэн тэмдэглэл, нийтлэлүүд устжээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлээр Хятадын эрх баригчдын нууц хөрөнгийн талаар мэдээлэл нийтэлсэн “New York Times”  сонины албан ёсны сайтыг Хятадад хаагаад байгаа билээ. “Southern Weekly”  сонин нь орон даяар 1.6 сая хувь хэвлэгддэг үндэсний хэмжээний сонин бөгөөд тус сонины сэтгүүлчдийн тэмцэл цаашдаа Хятадын томоохон сонины сэтгүүлчдийг хамрах магадлалтай байгаа тухай “CNN” сайтад мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж