Газрын тосны хараат байдлаас гарч, дотооддоо үйлдвэртэй болох гэсэн хүсэл мөрөөдөл араасаа олон ашиг сонирхлыг дагуулж байна. Олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч өнөөг хүртэл ажил нь эхлээгүй газрын тосны үйлдвэр байгуулах нэгэн төслийг салбарын сайд саяхан Засгийн газарт танилцуулсан нь олны анхаарлыг татаад буй юм. “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй хэр нь Засгийн газарт танилцуулж ирэх хавар гэхэд ТЭЗҮ-тэй болоод буцаан танилцуулах үүрэг авсан Д.Ганхуяг сайд энэ талаараа ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Тиймээс энэхүү төсөл бусад 15 төслөөс юугаараа давууг одоогоор тайлбарлах хүн ч алга. Японы “Тоёо инженеринг”, “Марубени” корпорацийн хамтран хэрэгжүүлэх уг төслөөр бол жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байгуулах ёстой. Багахан боловч газрын тосны олборлолт явуулсаар байгаа говь, талын бүсээс зайдуу, гадны хөрөнгө оруулалттай энэхүү төслийг далд нууц байдлаар Засгийн газарт танилцуулсан нь янз бүрийн хардлага сэрдлэгийг төрүүлж эхэлжээ. Хамгийн ихээр эргэлзээ төрүүлж байгаа зүйл бол тус үйлдвэрийн түүхий эдийн “гарц”. Түүхий нефтээ ОХУ-аас оруулж ирж нэрнэ гэдэг шатахуун импортлохоос ялгаа үгүй хараат байдалд орох талтайг салбарын сайд сайн мэдэж баймаар. Тэгээд ч уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Япон улсын зүгээс Монгол Улсын Засгийн газрыг 600 сая ам.долларын баталгаа гаргахыг шаардсан гэх мэдээллийг УИХ-ын экс гишүүд хэлж байсан.
“Хэрвээ үндэсний үйлдвэрүүддээ тусгай зөвшөөрлийг нь олгочихвол тэдгээр үйлдвэрүүд дотоодоосоо гарах түүхий нефтээ боловсруулаад шатахуун, бензин гаргаад байх бололцоотой” гэсэн судалгааг “Хэт”, “Сүмбэр ойл” компаниуд хийгээд байна. Тус компаниудын хувьд дэлхийн дэвшилтэт технологи ашиглан 100 тонн түүхий нефть боловсруулахад 90 хувь нь шатахуун болох боломжтойг хэлсээр байгаа юм. Налайхад байгуулах гэж байсан газрын тосны үйлдвэрийг цэвэр усны нөөцөд харшилна хэмээн ад үзсээр хаалгаж орхисон. Тэгвэл цаана нь Дорноговийн Сайншандад Цагаан элсний болон Их, бага тариачийн газрын тосны ай савыг түшиглэн шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл бий. Мөн Тамсагийн Тосон уулын XIX талбайн 180 сая тонн газрын тосны нөөцийг түшиглэн, жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн шавыг тавьчихаад байгаа. Энэ үйлдвэрийг Чойрт барьчих юм бол говь тал нутгийн хэрэглээг хангах боломжтой гэх нь бий. Гэвч энэ бүхнийг салбарын яамдаас нь дэмжих нь бүү хэл харин ч хазаарлах л бодлого барьж байсан гэхээр.
Гэтэл салбарын сайд нь гэнэт япончуудын үйлдвэрийн төслийг гар өргөн дэмжих болсон нь гайхашрал төрүүлж байгаа юм. Японуудын барьж өгөх гээд байгаа үйлдвэрийг дахиад гурван жил хүлээх хоорондоо иймэрхүү жижиг үйлдвэрүүдээ дэмжиж болохгүйн шалтгаан юу юм бол. Дэлхийн эдийн засаг газрын тос, ам.долларын ханшаар тодорхойлогдсоор байгаа, хойшид ч тийм байх нь мэдээж тул дотооддоо газрын тос үйлдвэрлэх ажлаа шалавхан эхлүүлж гэмээнэ бид улам л хожих ёстой бус уу.
Д.ЦЭЭНЭ