&#34Их нүүдэл&#34 гурамсан туурвил дахин хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

&#34Их нүүдэл&#34 гурамсан туурвил дахин хэвлэгдэв

Зохиолч, орчуулагч Я.Ганбаатарын “Их нүүдэл” түүхэн роман дахин хэвлэгдэн гарлаа. Монголчуудын өвөг дээдэс гэгддэг хүннүчүүд, тэдний байгуулсан Хүн гүрний мянган жилийн түүхийг баримтат-уран сайхны аргаар дүрслэн өгүүлсэн энэхүү гурамсан романы тэргүүн дэвтэр нь “Моодун шаньюй” хэмээх нэртэй. Зохиогч энэ номдоо хоёр мянганы тэртээд Төв Азийн өргөн уудам газар нутаг дээр хүчирхэгжин мандаж, нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан баатарлаг үйл явдлыг Хүннүгийн эзэн хаан Моодун шаньюйн намтар, үйл явдалд тулгуурлан өгүүлдэг.

Тэгвэл эл туурвилын дэд дэвтэр болох “Хүүхэн шаньюй” романд Хүн гүрэн доройтон задарч, нэг хэсэг нь төрөл нэгт нүүдэлчин Сяньби нартай нийлэн сууж, нөгөө хэсэг нь өмнөш нүүн нангиадын Хан улсад дагаар орж, гуравдахь хэсэг нь алс өрнө зүгт Их нүүдлийн замд одсон түүхэн үйл явдлуудыг өгүүлдэг. Тийм ч учраас энэ дэвтэрт эмгэнэлт үйл явдал, гунигт өгүүлэмж, дүрслэл түлхүү их гардаг байна.

“Тэнгэрийн ташуур-Аттила” хэмээх гутгаар дэвтэрт алс өрнө зүгт нүүдэллэн одсоор буурал Европын гүнд хүрч, дэлхийи түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээн, нэгэн үеийн хүмүн төрөлхтний намтар цадигийг бичилцсэн Хүн нарын дуулиант хэрэг явдлыг өгүүлдэг.

2011 онд тохиосон Хүн гүрэн байгуулагдсаны 2220 жилийн түүхэн ойд зориулж хэвлэгдсэн эл гурамсан бүтээл дахин уншигч танд хүрч байна. Өвөг дээдсийнхээ баатарлаг түүх цадигийг сонирхож мэдэх, судлах чин эрмэлзэл өрнөж байгаа энэ цаг үед хоёр мянганы тэртээх Хүн гүрний мянган жилийн хэрэг явдлыг өгүүлсэн эл гурамсан туурвил нэгэн зэрэг цогц мэдлэг олж авах таатай боломжийг танд олгоно. Түүнчлэн эл номыг найз нөхөд, хүүхэд залууст баяр ёслол, төрсөн өдрийн бэлэг болгон сонгоход нэн тохиромжтой, үзэмжтэй сайхан хэвлэсэн нь таны анхаарлыг татах буй заа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж