Сэтгэгдлийг хянах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын өнгөрөгч 5-ний өдрийн хуралдаанаас Монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ системийн програм хангамж, техникийн шийдэл боловсруулж нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт, домэйн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудсанд тавигдах шаардлагыг тодорхойлох зохицуулалтын журам боловсруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус даалгаад байгаа бөгөөд гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэнэ хэмээн тооцож буй аж. Ингэхдээ сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх иргэдийг иргэний үнэмлэх, утасны дугаараар нь бүртгэлд оруулан, үүрэн телефоны оператор компаниудаар баталгаажуулан тусгай код өгснөөр сэтгэгдэл бичих эрх олгох зэрэг аргыг төлөвлөсөн байна. Энэхүү шийдвэр нь хэрэгжиж эхлээгүй ч, гарсан даруйд багагүй шүүмжлэл, маргаан мэтгэлцээн дагуулж буй бөгөөд манай агентлаг ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүйгээр уг асуудлаар иргэд олон нийт ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Энэ талаар сайтын сэтгэгдэл бичигчид

-Зочин
-Тэр хараал ерөөл хэлсэн хэдэн сэтгэгдэл бичдэг хүнд байгаа ч юм биш. Хүн болгон өөрийн регистрийн дугаараар ордог болчихвол Засгийн газар ямар санаа бодолтой, улс төрийн аль хүчнийг дэмждэгээс эхлээд дараа нь шантаажлах юмаа олоод авчихна. Сэтгэгдэл бичихэд ёс зүйтэй байх л хэрэгтэй. Гэхдээ тэрийг бүхэл бүтэн нэгдсэн систем болгох хэрэг байна уу. Манайхан өөрсдийн ID хаягаа алдаад, өөр хүн өмнөөс чинь баахан юм бичсэн байхад хамгийн түрүүнд чамайг л барина. Миний хувьд нэгдсэн систем гэдгийн эсрэг байна.

-Зочин
-Сайтад бичсэн зүйлд хяналт тавихаас урдаар ард түмэн маань юу хэлээд байна гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Энд чинь хүмүүс бухимдлаа, нийгмийн болохгүй байгаа юмыг илэн далангүй хэлж бичиж байгаа юм шигээ. Тиймээс та нар минь ард түмнийг буруутгахаасаа өмнө УИХ-ын гишүүд минь бид чинь яаж байна даа гэж дүгнэлт хийх юм биш үү. Хоосон магтаал сонссоор байгаад мангуу болж гүйцлээ, тархи чинь бүр устаж та өөрөө дийлж явж чадахаа байлаа шдээ.Шүүмжлэл бол амжилтанд хүрэх хамгийн шилдэг зам шүү. Бие биеэ хоосон магтаж харанхуй хонгил руу түлхэхээ больцгооё л доо.

-Зочин
-Үнэхээр зөв юм бичиж байгаа хүмүүс бол юундаа нэр хаягаа бичиж болохгүй гэж. Захиалгаар худлаа хүн гүжирддэг хүмүүс л айж боож үхэх байх.

-Зочин
-“Сэтгэгдэл гэдэг нь хүн юу бодож байгаа түүнийгээ бичихийг хэлнэ” гэж боддог байлаа. Социализмын үед цензураар орж хасагдсаар байгаад үлдсэн хэсгийг кино гэнэ гэдэг яриа байсан одоо нэгэнт ийм хэлбэр рүү орж байна даа.

-Зочин
-Сэтгэгдлээр доромжлуулаад нэр хүнд бизнес нь хохирчихсон хүн хэн байгаа юм. Энэ бол үүгээр далимдуулж ард түмнээ хяналтанд авах гэсэн нэг арга шүү дээ.

-Зочин

-Хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл. 1. Интернет бол аль ч улсын өмч биш. Гадаад дотоодоос, бүх сувгийг хаах боломжгүй. Ганц гарц нь Монгол даяар интернетийг хаах. 2. Интернетед мэдээлэл солилцдог хэрэгсэл нь ганц Сайт биш. Төрөл бүрийн аргаар сэтгэдлээ нууц нэрээр солилцож болно. Twitter, Facebook гээд сэтгэгдэл солилцох өчнөөн суваг бий 3. Регистрийн дугаараар шалгах юм бол хүний регистрийн дугаар энд тэндгүй зөндөө байна. Гар утас, интернет, цахилгаан бүртгэл гэх мэт өчнөөн газраас олон хүний регистрийг дугаар алдагдсан байгаа. Тиймээс өөр хүний нэр барьж бичих боломж маш их. 4. Ямар ч технологи чаддаггүй нэг зүйл бол хүний өөрөө нууцаа бусдад алддаг. Ер нь интернетэд нэвтэрдэг нууцаа алддаг нийт тохиолдлийн 80 хувийг нууц эзэмшигч өөрөө л алддаг гэсэн.

-Санал сэтгэгдлийн сайтуудад хяналт тавих нь маш зөв арга хэмжээ. Зарим нь их дургуйцэж байх шиг байна. Хүний эрх гэдэг бол аль нэг хүмүүжилгүй танхай этгээд бусдыг ам мэдэн доромжлохыг хэлэхгүй. Манай зарим нөхөд арай дэндүү даварч байсан шүү. Үүгээр ч барахгүй утасны нэр нууцалдаг үйлчилгээг ч нэн даруй зогсоох хэрэгтэй. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд цөөн хэдэн даварсан этгээдийн дураараа аашлах явдлыг хязгаарлах нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал огт биш. Харин олонхийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг мөн. Энд хууль огт зөрчигдөхгүй.

ЭНЭ ТАЛААР ИРГЭД:

Ариунболд
Мэдээж замбараагүй сэтгэгдлүүдийг хянах хэрэгтэй. Байх ёстой л зүйл. Гэвч аливаа зүйл хоёр талтайг мартаж болохгүй. Үүнийг өөр аргаар ашиглах боломжийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.  
 
Ням
Тэр бол ер нь хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол хэн гэдгийг нь мэдэхгүй хүн орж ирээд, хүссэнээрээ бусдыг доромжлоод байдаг шүү дээ. Үүнийг нь бага насны хүүхдүүд уншдаг. Буруу үлгэр дуурайл үзүүлдэг.  Үүнээс хамгаалах боломж бүрдэнэ гэж бодож байна. Мөн бусдын худлаа гүтгэхээ болих байх. Гэхдээ сэтгэгдэл бичигчдийн мэдээллийг буруу зорилгоор ашиглах боломжийг нь хааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн зүгээс аюултай. 

Амгалан
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улс төрчдөөс салсан үед сэтгэгдэлийг хянаж болох юм. Ингээгүй байж, хэвлэл мэдээлэл нь улс төрчдийн дуу хоолой болж буй үед сэтгэгдлийг хянах нь тийм ч зүйтэй алхам биш. Хэвлэл мэдээлэл дээр гарахгүй олон олон үнэн сэтгэгдлээр ил болдог гэдгийг мартаж болохгүй. Мэдээж хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг тэр сэтгэгдэл хөндөж таарна. Харин тэр эрх мэдэлтэнд өнөөх сэтгэгдэл бичигчийн хувийн мэдээлэл очихгүй гэх баталгаа байгаа юм уу.

Баднайнямбуу
Сэтгэгдэлд хяналт тавих нь зөв. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн сайтуудын мэдээний дор уншигчид сэтгэгдэл бичихдээ хүнийг элдэв муу муухай хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, гүтгэлэгийн шинжтэй зүйл ч бичдэг. Энэ хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө боловч Үндсэн хуульд заасан иргэний нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Тэгээд ч Эрүүгийн хуулийн 110 болон 111 дүгээр зүйлүүдэд Доромжлох,  Гүтгэх гэмт хэргийг зааж өгсөн бөгөөд Иргэний хуулийн дагуу бусдаас нэр төр, алдар хүндэдээ хохирол учруулсан гэж үзвэл хохиролоо нэхэмжилж нөхөн төлүүлэх ч  эрх зүйн зохицуулалт бий. Ийм учраас бусдыг гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийг хянаж тухайн сэтгэгдэл, мэдээллийн улмаас нэр төр алдар хүндэд нь хохирол учруулж байна гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдол гаргавал нягтлан шалгаж зохих хариуцлага тооцох нь зүйтэй юм. Хэрэв тухайн сэтгэгдэл оруулсан хүний мэдээлэл үнэн зөв, бодитой мэдээлэл бол хариуцлага хүлээхгүй шүү дээ. 

ЭНЭ ТАЛААР ТВИТЕРЧИД:

Bayarsaihan
Хүн хориглуулахаараа ухаалаг, соелтой авир гаргадаг гэж бодохгүй байна. Эсрэгээрээ элдэв зүйл сэдэж эхлэнэ

Bayanmunkh
-Улс төрчдийн өөрсдийгөө хамгаалсан л арга хэмжээний нэг байх. 

Хангай
Би бол өөрийгөө танихын тулд өөр хүмүүсийн үзэл бодлыг үнэнчээр уншиж авахыг нь авч хаяхыг нь хаяж яваа.

Altansuh
 
Боомилох бодлого явуулаад байна уу даа. Хав дарсан үнэнийг нь сэтгэгдлээр ил болгосны төлөө нэр, гэр, хаяг бүгдийг мэдэж болох нь байна. Тэгэхээр эргээд нөгөө хүнийхээ аюулгүй байдалд халдах боломж бий болж байна. Тэгээд ч коммент бол албан ёсны мэдээлэл биш гэдгийг ялгаж ойлгохтойгоо байгаа. Иймд ингэж цензурдах хэрэггүй. Гол нь бичигдсэн нийтлэл үнэн зөв үү гэдгийг нь олж тогтоох хэрэгтэй. Коммент бичих талбай бол зүгээр чөлөөт индэр.

Altangadas  
Aливаа гэмт хэргийг зөвхөн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу бүртгэн авч гэмт хэрэг мөн эсэхийг тогтоож, шалгаж шийдвэрлэдэг. Гэтэл төр өөрөө энэ процесийг алгасаад автоматаар ажиллаад эхлэх аваас яахын аргагүй хэлмэгдүүлэлт, нөгөө талаас нийгэмд шүүмжлэлтэй ханддаг, идэвхитэй массыг авлах улмаар нийгмийг үлбэгэр дорой болгох оролдлого болно.

Uuganbayar
-Доромжилсон сэтгэгдэл бичсэн хүнд ял өгөх. Буруутанг шүүх тогтолцоо нь Ардчилсан улсад тохиромжгүй санагдах юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хууль надад олгосон юм. Харин шүүх, цагдан хорих тухай улс төрчид ярих болжээ.

ЭНЭ ТАЛААР FACEBOOK-ЧИД:

Төр Төмбөгөр
үгүй эзэнтэй болгох хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүн зүхээд. худлаа гүтгээд мөнгө энтэр аваад байдаг хүмүүс байна.

Болдбаатар Хосбаяр

хяналт гэдэг нь хориг биш гэж найдья

Ч. Төгөлдөр
Хэрвээ ингэвэл манай улс ардчилсан орноос хасагдах болно. Юун 21-р зуун буцаад 20-р зуун руу уруудах юм байна даа 76-д өөр хийх юм олддоогүй юм байхдаа зайлуул

Anu Od Сэтгэгдлээ ч зүгээр бичиж болохгүй юм уу. Нэртэйгээр нь Хятад шиг бүх цахим хаягаа хянадаг

Hurelbaatar Erdenebayar Бид нар хэнээс ч, юунаасч айж эмээлгүйгээр сэтгэгдлээ бичмээр байна. Хэрвээ хянаж цагддаг болчихвол үнэнээр нь бичиж хүн лав цөөхөн байх байхдаа

Nomin Battogtokh Сэтгэгдэл хянах нь бас нэг их таатай зүйл биш байх аа

Tugsuu Togooch Үүнд албан тушаалтнууд л дуртай байх.

Авирмэд Энхбат Дэмжиж байна. Хэлэх гэсэн үгээ хэнээс ч айж нуулгүй хэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж