Түүнчлэн тэмцээний тасалбарын хураамж болон багуудын хураамжнаас олсон орлогыг багуудад хуваарилах болсон нь шинэлэг зүйл юм. Бас нэг онцлог нь тэмцээний үеэр тамирчдын статистикийг албан ёсоор нарийвчлалтай гаргаж, тухайн тамирчны статистик түүх бүтээж шилдэгүүдээ шалгаруулах аж. Мөн уламжлал болгон Үндэсний лигийн бэлгэдлийн шигшээ баг, шилдэг шинэ залуу болон шилдэг зургаа дахь тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, плей-оффийн MVP шалгаруулна. Шилдгээр шалгарсан тоглогчид бүгд NBA-ны тоглолт үзэх эрхтэй болох юм. Түрүүлсэн багийн 3-5 тоглогч дасгалжуулагчын хамт Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт нэгдэх юм байна. Тэмцээний тойргийн тоглолтууд Спортын төв ордонд явагдах бол плей-оффийн тоглолт Буянт-ухаа спортын ордонд болох тухай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
Үндэсний супер лиг 21-нд эхэлнэ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тэмцээн нэгдүгээр сарын 21-нд Спортын төв ордонд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Тэмцээнд “Баянзүрх Буллз”, “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “QGX Акулууд”, “Эхлэл клуб” гэсэн долоон баг өрсөлдөнө. Тэмцээн олон улсын жишгийн дагуу зохион байгуулалтын өндөр төвшинд явагдах ба плей-оффын тоглолтыг Хятад болон Өмнөд Солонгосоос шүүгчид ирж, шүүх юм байна. Түүнчлэн техник технологийн өндөр шийдэл бүхий онооны самбар, тоглолтын цаг ашиглах ба тэмцээний үед эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд удаашруулсан бичлэг үзэж шийдвэр гаргах гэнэ. Энэ удаагийн тэмцээний шагналын сан маш өндөр ба түрүүлсэн баг нь аваргын цомоос гадна 40 сая төгрөг, аваргын алтан бөгж, үнэ бүхий зүйлсээр шагнуулах бол дэд аваргуудыг 20 сая, хүрэл медалийн эздийг 10 сая төгрөгийн шагнал хүлээж байна. Тэмцээний нийт шагналын сан 200 сая төгрөг ажээ. Тэмцээн гурван тойргийн турш үргэлжлэх бөгөөд легионер тоглогчид хоёрдугаар тойргоос багтайгаа нэгдэх юм байна.