Ажил хаялтын улмаас эхлэх эсэх нь тодорхойгүй байсан Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2012-2013 оны улирал эргэн ирлээ. Тус лигийн түүхэнд дөрөв удаагаа тохиосон ажил хаялт талууд тохиролцоонд хүрснээр өндөрлөв. Асуудлыг шийдвэрлэхээр талууд Нью-Йорк хотноо уулзсан бөгөөд уулзалт бүтэн 16 цаг үргэлжилсний эцэст хоккей сонирхогчид мөсөн талбайн гайхамшгийг мэдрэх боломжтой болжээ. Шинэ гэрээний нарийн ширийн зүйлс одоогоор тодорхойгүй байгаа ч талууд 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх гэрээний хувилбарыг баталсан гэх мэдээлэл байна. Мөн NHL-ийн багийн эзэд, тоглогчдын холбоонд харьяалалтай 740 тоглогчид бүгдэд нь тааламжтай байх тийм гэрээ болсон гэжээ. Хэдийгээр урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд байгаа ч ажлын хэсэгт шийдэх шаардлагатай асуудлууд байгаа гэнэ. Тэд улирлын тоглолтыг хэзээ эхлүүлэх, нийт хэдэн тоглолт хийх зэргийг ярилцаж байгаа аж.
Score Studio