Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.Цогоогийн томилгоог өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын зарим гишүүд түүний 15 жил ажилласан эсэхэд нь эргэлзсэн тул нэр дэвшигчийг төрийн албанд ажилласан байдлыг тодруулахаар хойшлуулсан. Ингээд энэ асуудлыг өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, түүнийг дэмжиж, ирэх пүрэв гаригт болох УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Б.Цогоо нь инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан аж.