Фото: Chaiwat Subprasom / Reuters
Тайланд 1980 оноос дэлхийн зах зээлд цагаан будааны хамгийн том нийлүүлэгч байсан юм. Гэтэл 2012 онд үр тариа худалдан авах төрийн бодлогын улмаас экспорт нь 35 хувиар унажээ.
Жилийн өмнө Инглак Чинаватын толгойлсон Засгийн газар зах зээлийн үнээс 50 хувийн илүүтэйгээр фермерүүдээс цагаан будааг худалдан авах шийдвэр гаргасан. Энэ нь хөдөөгийн хүн амын дунд тааламжтай шийдвэр болсон ч экспортын өрсөлдөх чадварыг эрс буулгажээ.
Одоо тай цагаан будааны үнэ бусад өрсөлдөгч нарынхаас тонн тутамдаа 130-150 ам.доллараар илүү үнэтэй байна. Үүний улмаас олон тооны экспортлогч нар үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа. Тайланд нь жилдээ 20 сая орчим тонн будаа тарьж бараг тал хувийг нь гадаадад нийлүүлдэг байсан. Харин Засгийн газар будааг худалдан авч эхэлснээс хойш нөөц нь 12-13 сая тонн болоод байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд 20 сая тонн болох юм. Чинаватын Засгийн газар уг нөөцдөө гадаадын худалдан авагчдад худалдана гэж найдаж байгаа. Үүгээр тэд фермерүүдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн Бангкок цагаан будааг гадаад орнуудад шууд гаргах хэд хэдэн гэрээг хийж чадсан байна.