Б.Есүгэн охин амиа алдсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Б.Есүгэн охин амиа алдсан хэргийг шалгаж байна

Хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс амь насаа алдсан. Олон нийтийг цочроосон осол болсноос хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна.   Ослын  дараа эрүүгийн хэрэг үүсгэн  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад одоогоос сар гаруйн өмнө нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад дахиж шалгах шаардлагатай  тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Эх сурвалжийн мэдээллээр тухайн барилгын талбайд гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Төгс гүрэн” компанийн буруутай  үйлдэл тогтоогдохгүй байгаа учир  дахин шалгах шаардлагатай гэсэн  байна.

 Хэрэгт  бетон зуурмагийн машины цемент шахагчийг ажиллуулж байсан оператор, гүйцэтгэгч “Төгс гүрэн”, захиалагч “Мүди” компанийн нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хуулийн 183.1-т  зааснаар  буюу  “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан” гэх үндэслэлээ буруутгаж байгаа.  Дээрх үндэслэлүүдээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалттай.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгис” кино театрын урд баригдаж байсан барилга дээрээс төмөр унаж, 19 настай оюутан залуу нас эрсэдсэн ноцтой осол өнгөрөгч есдүгээр сарын 18-ны өдөр гарсан. Энэ ослын  дараа холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн,  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад хэргийг нийслэлийн Прокурорын газраас АТГ-т  үргэлжлүүлэн шалгахаар шилжүүлээд байгаа. Хэргийн явц байдал ямар  шатандаа явж  байгааг  талийгаачийн ар гэрийнхнээс тодруулахад “Мөрдөн байцаалт дуусаагүй. Бид нэг л удаа уулзсан. Хэрэгтэй танилцаагүй болохоор ямар хүмүүс шалгагдаж байгааг сайн мэдэхгүй байна. Нэлээд олон хүнийг шалгаж байгаа  гэсэн. Нэлээн сунжрах байх” гэв. Албан бус эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын нэр бүхий албан тушаалтнуудаас гадна төрийн  байгууллагын  хэд хэдэн албан тушаалтныг  шалгаж байгаа аж.  Учир нь талбайн хэмжээгээ дур мэдэн томосголж, усан оргилуур байсан нийтийн эзэмшлийн талбайд газар олгосноос эхлээд, хууль зөрчсөн үйлдлүүдийг өөгшүүлж байсан асуудалд холбогдох хүмүүсийн оролцоог нэг бүрчлэн шалгаж байгаа аж.

Хэрэгт холбогдуулан тус барилгын гүйцэтгэгч компанийн ажилтан н.Батбилэг, н.Оюунгэрэл нарыг эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу  хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Цэнгэл, тус газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарыг ч эрүүгийн хуулийн 272-т зааснаар буюу албан тушаалдаа  хайнга хандсан гэх үндэслэлээр   шалгаж байгаа юм.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж