![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/a6e2e60aca07b236/e5fc805bfedfcd81original.jpg)
Төрийн байгуулалтын байнгын хорооны өмнөх хуралдаанаар гишүүд, саналаа илэрхийлсэн учраас энэ удаагийн хуралдаанаар гишүүд нэр дэвшигчээс асуулт, хариултаа үргэлжлүүлсэн юм. Тухайлбал, Н.Батцэрэгийн “Төрийн албаны зөвлөлд ямар шинэчлэлтүүдийг хийх, гадны туршлагуудаас яаж тусгах вэ” гэсэн асуултад нэр дэвшигч Б.Цогоо “Төрийн албыг нийтийн албан болгохоор зорьж буй Засгийн газрын бодлогыг барьж ажиллана. Мөн Төрийн албаны зөвлөлөөр Канад улс дэлхийд тэргүүлдэг. Тиймээс тус орны туршлага болон бусад орны төрийн албаны туршлагыг судалж, улстөрөөс ангид төрийн албыг бий болгох ёстой гэж үзэж байна” гэсэн юм. Мөн УИХ-ын зарим гишүүд Төрийн албаны зөвлөл хэрхэн ажиллах талаар саналаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд “Өнөөгийн төрийн албаны бүтэц томорч, зардал их гарч байна. 2013 оны Төсвөөс харахад, улсын нийт зарлага нь 2012 оны зарлагаас 1,1 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс зөвхөн төрийн албаны зардалд 780 орчим тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гарсан байна. Тиймээс Төрийн албаны зөвлөлийг удирдах хүний хувьд зардлыг анхаарч ажиллах ёстой” гэдгийг сануулсан.
Мөн “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нийт 11 яамны Төрийн нарийн бичгийн дарга, 45 агентлагийн дарга нарын халаа, сэлгээ хийсэн. Ингэхдээ түр орлон гүйцэтгэгчээр төрийн албан дүүрч байна. 11 яамны Төрийн нарийн бичиг болон 45 агентлагийн дарга нар бүгд муу ажилласан учраас солигдсон гэж бодохгүй байна гээд тиймээс энэ асуудлыг эргэн харж, холбогдох хүмүүст нь танилцуулахыг М.Энхболд гишүүн нэр дэвшигчид сануулсан юм.
УИХ-ын Ж.Батзандан “Төрийн албан бол улстөрийн албан тушаалтан солигдох бүрт дагаж солигддог алба биш. Ардчилсан нам, МАН аль нь төр барьсан үүнийг дагаж хавтгайрсан халаа, сэлгээ явуулахгүй байх нь Төрийн албаны зөвлөлийн хийх ажил юм” гэдгийг анхаарч ажиллахыг нэр дэвшигчид сануулав.
Тус байнгын хорооны гишүүд саналаа хэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох нь зүйтэй гэж үзэн энэ пүрэв гаригт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.