
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооноос "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох" тухай хуулийг тойрсон асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Монголын хэвлэлийн хүрээлэнд болох уг хурлын үеэр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажил урьдын адил удаашралтай байгаа талаар хөндөх гэнэ. Өмнөх УИХ, Засгийн газрын үед ч хууль хэрэгжээгүйн адил элдэв шалтаг заан хойшлуулсаар байгаа нь улс төр, эдийн засгийн бүлэглэлтэй холбоотой гэж Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр мэдэгдэж байна. УИХ-ын сонгуулийн өмнөхөн Засгийн газар хуурамч тогтоол гаргаж, уг хуулийг хэрэгжүүлэх гэж буй мэт сэтгэгдэл төрүүлэн ард олныг төөрөгдүүлсэн гэж тэрээр онцолж байна. Урт нэртэй хууль хэрэгжсэн бол 1782 тусгай зөвшөөрөл цуцлагдан, таван их наяд төгрөгийн нөхөн төлбөр улсын төсөвт орох байжээ. Гэвч өмнөх Байгаль орчны яам 230-242 орчим шороон ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан дүр эсгэж, 1,8 их наяд төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан төдийгөөр өдий хүрсэн тул Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооноос дахин хэвлэлийн хурал зарлаж олны сонорт мэдээлэл хүргэхэд хүрсэн хэмээн тус холбооныхон тайлбарлаж байна.
Д.ЦЭЭНЭ