Ган болон алтаар тансаг ангиллын бугуйн цаг үйлдвэрлэдгээрээ нэрд гарсан Швеицарийн Altanus компани дөрвөн жилийн судалгааны үр дүнд Patch хэмээх цаасан цаг бүтээж худалдаалж эхэлсэн байна. Энэхүү шинэ цаг нь байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд байгалийн нөхцөлд хялбар задрах цаасан материалаар хийгджээ. Patch цаг нь хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц онцлог дизайнтай бөгөөд үндсэн 10 өнгөтэй юм. Үүнээс гадна ямар ч нөхцөлд зүүж хэрэглэхэд хөлрөх зэргээр тааламжгүй сэтгэгдэл төрүүлэхгүй бөгөөд арьсанд харшил өгөх өнгөлгөөний материал хэрэглээгүй, ус, доргилт болон урагдахаас хамгаалагдсан байна. Мөн 11-хэн грамм жинтэй учир бугуйнд зүүхэд тааламжтай байх энэхүү цаасан цагийг 34 доллараар худалдаалж эхлээд байна.
Эх сурвалж: http://robomec.blogspot.com/