Нийтийн дуучид “Ирж яваа цаг сайхан”-д чуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Нийтийн дуучид “Ирж яваа цаг сайхан”-д чуулна

Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн шинэ оны тоглолтын салхийг хагалан “Ирж яваа цаг сайхан” бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Энэ сарын 18-д Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт эхлэх түүний тоглолтод нийтийн дууны уран бүтээлчид хуран чуулах нь ээ. “Ирж яваа цаг сайхан” тоглолтод хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн дотны хамтрагчид болох “Дулаахан намар” дууг нь амьдруулсан Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, ”Хайрын болзоо” дууг үзэгчдэд хүргэсэн Гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Мөнхбат, Л.Болдбаатар, Т.Батсайхан, Э.Төрмандах, Б.Буянжаргал, “Миний найз” дууг нь олны хүртээл болгосон дуучин ноён Бондгор нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна.
Түүнчлэн тоглолтын эзэн хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн “Ятгын чуулгатай” хамтран Гавьяат жүжигчин, дуучигн С.Жавхлангийн аав Д.Самандын шүлгээр амилсан “Ирж яваа цаг сайхан” зэрэг шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулж эгшгийн цэнхэр хадаг өргөх нь. Тоглолтын хөгжмийг Цагдаагийн “Сүлд” чуулгын симфони оркестр эгшиглүүлэн цэнгээнт бүжгийн “Хатан туул” хамтлаг 40 гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр оролцож үзэгчдийг дуу бүжгийн тансаг хэмнэлээр уяраахаар зэхээд байгаа аж.

Г.ДАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж