Эрүүл мэндийн салбар маань “түлэгдчихлээ”

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбар маань “түлэгдчихлээ”

Баянхонгор аймгийн эмнэлэгт нярай хүүхдийг буцламгай усаар шалзалчихжээ. Аймшигтай тамлал гэхээс өөрөөр юу ч гэхэв. Сонссон хүн бүрийн зүрх шимширч, дотор зарсхийн, ойрхон байгаа бол тэр сувилагчийг багалзуурдмаар л санагдаж байгаа нь үнэн. Дайран дээр давс гэгчээр хөөрхий нөгөө нярайг телевиз, сонин бүрээр гаргаж, асуудлыг улам дэврээчихлээ. Тэр тоолонгоор “түлсэн” сувилагчийн ял нэмэгдэх л байх даа, зайлуул. Уг нь санаатай түлээгүй нь ойлгомжтой. Ерөнхийдөө бол манай эрүүл мэндийн салбар өөрөө “түлэгдчихсэн” гэсэн үг биз ээ. Сайд дарга нар нь сүржигнэж байгаа гэж. Хэвлэлийн хурал хуй зарлан, нэг их санаа тавьсан дүр эсгэж, матрын нулимс унагаагаад л. Тэрний оронд \ ядаж зэрэгцүүлээд \ гадна дотноос хэрэгтэй эм тариа, эмч мэргэжилтэн дууддаг ч юм уу, бүр дийлэхээргүй бол Солонгос молонгос явуулсан ч яадаг юм. Эмнэлгүүдэд хариуцлага гэж шалдаа буусныг дөнгөж сая л олж харж байгаа юм шиг аяглах. Хөндлөнгөөс харсан хэнд ч гэсэн “би буруугүй шүү. Тэр муу хариуцлагагүй сувилагчаас л болсон. Ёстой халаад хаяна, алаад өгнөө” л гэх маягтай. Манайхаас өөр улсад бол хамгийн түрүүнд сайд нь огцрохоо мэдэгдэх байсан даа. Мэдэгдсэн зоргоор сайдыг огцруулахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л гадна талдаа хариуцлага хүлээх чадвар, ёс суртахууны илэрхийлэл болох учиртай. Харамсалтай нь тийм иргэний зоригтой сайд байтугай, эмнэлгийн дарга ч байхгүй болсон цаг даа. Ямар ч үнээр хамаагүй сандал ширээтэйгээ чаргууцалддаг жишиг дээр дооргүй тогтчихсон юм чинь. Хөөрхий нялх амьтан буцламгай усаар түлүүлэн байж эмнэлгийн эмч, ажиллагсдын чихийг сортхийлгэн, хөдөлгөөнд оруулах шиг боллоо, хэсэг сүржигнээд мартчихгүй бол шүү дээ. Хүүхдийн заяа түшиж түлэгдэлт нь илаарших л байх. Дээр нь олон хүний сайн санааны энерги ч зовж шаналан буй нярайн эдгэрэлтэнд нөлөөлж таарна. Үнэн хэрэгтээ иймэрхүү хүйтэн хөндий, салан назгай, уурлаж загнасан дүр төрхийг эмнэлэг бүрээс харж болно. Зорин очсон хүний өвчин шаналгааг нимгэлэхээсээ өмнө хэдэн төгрөг салгахыг л урьтал болгоно гээч. Шинээр хэрэгжүүлж буй санаа оноо нь хүртэл иргэнээс хураах мөнгийг хэрхэн өсгөхөд л чиглэдэг гэхэд хилсдэхээргүй. Зарим томоохон эмнэлэг банкуудыг дуурайгаад тасалбарын машин тавьсан байна. Ээлжээ хүлээн ар араасаа түлхэлцэж, дараалалд зогсохын оронд дуудахыг нь чагнаад сууж байх сайн талтай нь үнэн. Харамсалтай нь шилэн цонхны цаана гурав дөрвөн сувилагч суух мөртлөө ганц хоёр цонх нь л хүнд үйлчлээд бусад нь утсаар ярих, бичиг цаасаа эмхэлдэг ч юм уу бүү мэд зүгээр цаг нөгцөөж харагдах. Очоод шаардвал “дугаараа дуудахыг хүлээхгүй юу” хэмээн зандрана. Нэг эмчид үзүүлэх дугаар авахын тулд заавал хүлээж суухаас аргагүй. Цаасан дээр бичсэн дугаар тараадаг байснаасаа дор чирэгдэлтэй болчихож гэх шүүмжлэл хүмүүс хэлэхийг сонсов. Хүлээж хүлээж дуудахаар нь очвол эмч гадуур ажилтай гэх ч юм уу үзлэгийн дугаар дууссан тухай хариу сонсоно. За тэгээд үйлчилгээний тухай гомдол саналаа хэлэхийн тулд төөрдөг байшин дундуур явах мэт сүлжсэн, дамжсан дээш доош өгссөн, уруудсан зам заагаад биччихсэн учир тэр болгон тээршаахаар түвэгтэй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар бүх төрлийн шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой. Жилд ч билүү, сард ч билүү нэг удаа 30 мянган төгрөгт багтах шинжилгээнээс мөнгө авахгүй гэж ойлгосон. Гэтэл тийм шинжилгээ өгөхөөр очвол 9400 төгрөг хурааж байх юм. Шинжилгээ төлбөргүй авдаг юм бишүү гэвэл “Төлбөргүй. Гэхдээ энэ хураамж бол өөр үйлчилгээнийх” гэж байна. Шил савны ч юм уу мөнгө бололтой. Үйлчилгээнд нь нэмэр болдог бол дүүрч. Цалин цуух багатай эмнэлгийнхэн үүнээс өөрөөр байх боломж хомс байх л даа. Өнгөрсөн жил судлаач Ганхуяг эрүүл мэндийн салбарын бодлогын талаар нийтлэл бичсэнийг эмнэлгийнхэн уншсан л байлгүй. Тэнд дурдсанаар бол дэлхийн аль ч улс оронд эрүүл мэндийн үйлчилгээ, чанарын тогтсон стандарт, бодлого, журам гэж байдаггүй гэнэ. Өөр өөрийнхөө онцлогт тохируулан тодорхой хугацаанд хэрэгжүүлэх бодлого гарган хэрэгжүүлдэг гэнэ. Учир нь иргэдээ хэзээ ч бүрэн эрүүлжүүлж чадахгүйгээс гадна, хүн бүрийн сэтгэлд нийцсэн сайн үйлчилгээ, тусламж үзүүлэх боломж ямар ч баян улсад байдаггүй аж. Улсын төсвөө бүгдийг нь зарцуулаад ч хүрэхгүй гэсэн тооцоо, судалгаа бий гэсэн байна лээ. Яг ингэж бичээгүй л дээ. Гол санаа нь иймэрхүү.

Тэр үнэн бол манайх шиг ядруухан орны хувьд илүү сайн эмчилгээ, үйлчилгээ төрөөс шаардаад нэмэргүй гэсэн үг л дээ. Бараг л үнэн байх. Эмнэлэг бүрт л төсөвлөж өгсөн мөнгө нь хүрэлцэхгүй “хойт хормойгоо тайрч, урдахаа нөхөх” байдлаар л торгоож байдаг шүү дээ. Юун илүүчлэх. Хувийн эмнэлгүүд арай өөр байх. Төлбөр хураамжаасаа хамаараад тэр. Том том мэс засал, нарийн шинжилгээ, үнэтэй эм тариа зэргийг эмнэлгүүдээс шаардаад бараг л нэмэргүйг ерөнхийдөө хүмүүс ойлгох болсон доо. Өөрөө л энд тэндээс хандив тусламж авч төлбөрөө хийсэн нь илүү үр дүнтэй гэсэн үг л дээ. Тийм боломж, чадваргүй бол хувь заяандаа л даатгахаас яахав. Эрүүл мэндийн салбарынхан \ үнэндээ бол Засгийн Газрын гэвэл ононо \ иргэддээ өгч чадах хамгийн үр дүнтэй, сэтгэл бүлээцүүлэх үйлчилгээ, эмчилгээ бол инээмсэглэн угтаж, зовиур шаналгааг нь анхааралтай сонсох, зааж зөвлөх, илж таалаад өгөх л байх шив дээ. Ээж нь хүүгээ үлээдэг шиг л . Уг нь хөрөнгө мөнгө шаардаад байхааргүй энэ үйлчилгээг нэвтрүүлчихдэгсэн бол ч үйлчлүүлэгсдийн тал хувь нь сэтгэл хангалуун, бараг эдгэрээд л буцах байх шүү.  Жишээ нь тэр түлэгдсэн нярайн хувьд үнэтэй эм тариа биш зөвхөн бүлээн устай түмпэн л байсан бол бүх зүйл сайн сайхнаар төгсөх байлаа. Тэр сувилагчийн, эсвэл тухай өдөр жижүүртэй байсан эмчийн охин хүүхэд төрүүлсэн бол түмпэнтэй усанд тохойгоо дүрж үзсэний дараа хүүхдээ угаах байсан нь лавтай. Тэгэхээр сэтгэл, харицлага хоёр зэрэг зэрэг л дутсан нь тодорхой. Үүнийг л эрүүл мэндийн салбар “түлэгдчихэж” гэж хэлээд байна. Хэрхэн илааршуулахыг хэлж мэдэхгүй байна. Лиценз зөвшөөрөл өгдөг ч юм уу, тендер мендер шалгаруулах эрх мэдэл бүхий албан тушаалтныг бол хална, солино хэмээн айлгаж болох. Эмнэлгийн даргыг тушаал бууруулж болох л юм. Гэтэл сумандаа ганц их эмчийг, судас сайн олдог сувилагчийг, аймагтаа ганц мэс засалчыг , эмэгтэйчүүдийн туршлагатай эмчээ яаж шийтгэхэв. Сануулах, анхааруулах тэгээд цалинг нь хасдаг л байх даа. Тэртээ тэргүй хаанаа ч хүрдэггүй бага цалингаас нь хасахаар яах бол. Энэ мэтчилэн бэрхшээл их. Тэглээ гээд энэ хэвээрээ байлтай нь биш. Өөр л арга зам олох хэрэгтэй болж байна. Жишээ нь эмч, сувилагчийн нарийн түвэгтэй мэргэжил эзэмшний учир бусдаас илүү өндөр цалин хангамж авдаг байж болох, ажлаа сайн хийж буй бол шүү дээ. Дараа нь цалин хангамжтайгаа дүйцэх хариуцлага хүлээхийг шаарддагсан бол. Үгүй юмаа. Эмч , сувилагч бүрт тийм өндөр \ дор хаяж сард 2-3 сая төгрөгийн цалинг хэлж байна \ цалин өгөх боломж төрд байхгүй. Ийм боломжийг бий болгох гэвэл өвчтөнөөс \ үйлчлүүлэгчдээс гэсэн үг \ тодорхой татаас авахаас өөр замгүй. Харин тэр татаас нь ямар хэмжээтэй, юуны учир гэдэг нь ойлгомжтой, бас хэнд хэдэн хувь нь очдог нь тодорхой байхгүй бол иргэдээс баахан хураамж аваад дарга нар нь хуваагаад хүртчихдэг байвал хэн ч хураамж төлөхийг хүсэхгүй. Тэрний оронд эмчлүүлсэн эмчдээ, үйлчилсэн сувилагчдаа хэдэн төгрөг атгуулсан нь дээр. Яалтай ч юм. Лав л “чи тангарага өргөсөн эмч тул зүтгэ” хэмээн тулгадаг цаг хэдийнээ улиран одсон. Сайн ажилласан нь өндөр цалин харамж авдаг байх зарчим үйлчлэх нь гарцаагүй. Гагцхүү хэлбэр журам нь ямар байхыг бодож олох хэрэгтэй байх. Энэ бол зөвхөн нэг л санаа. Цаашилбал өрхийн эмнэлгийн тоог сонгодог хэлбэрээр нь байшин саваар ханган олшруулах, хувийн эмнэлгүүдийг аль болохоор дэмжиж, элдэв лиценз зөвшөөрлөөр дарамтлахыг тодорхой хугацаанд хязгаарлах, мэс заслын болон бусад эмчилгээний дараа сувилуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг сувилалын газрыг аймаг, дүүрэг, сум хороо бүрт байгуулах, эрүүл мэндийн нэмэлт даатгал төлсөн хүмүүст зориулсан тусгай эмнэлэгүүд ажиллуулах, даатгалаа төлсөн иргэн бүр хүссэн эмч, сувилагч, эмнэлгээ сонгон үйлчлүүлж, мөнгөө тэдэнд өгдөх байх тогтолцоог эхлүүлэх гэхчлэн хэлбэрүүд байж болох л юм. Цаашдаа иргэн бүр эрүүл мэндээ өөрөө хамгаалах ёстой гэсэн хатуу ойлголтыг хүүхэд наснаас нь эхлээд тархинд нь шингээх бодлого хэрэгжүүлэх нь зорилго байж таарна. Сайд дарга нар, эмч, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөж байгаад зөв гарцыг хайх биз ээ. Ямар ч гэсэн дахин  хүүхэд түлж л болохгүй. Түлэгдсэн нярайгаа эдгээх нь мэдээж тулгамдсан асуудал. Зэрэгцүүлээд салбарынхаа “түлэнхий”-г анагаах арга замаа л зөв олох хэрэгтэй юм даа.

Олхонууд Шаабар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж