Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газрын цагаар үнэт цаас болон Засаг дарга нарын тухай тодорхой мэдээлэл хийсэн гэж хэлжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд уг мэдээллийг нь хангалтгүй хэмээн үзэж, ирэх долоо хоногийн даваа гаригт дахин Ерөнхий сайдыг урих ёстой гэж үзсэн байна. Энэ талаар болон бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН ялсан аймагт Засаг даргыг томилохгүй байгаагаас асар их маргаан гарч, бужигнаан үүслээ. Налайх дүүрэг, Багануур дүүрэг үндсэндээ хоёр Засаг даргатай боллоо. Багануурт хаалга үүдээ эвдээд бужигнаж байгаа тухай мэдээ ирж байна. Орон нутгийн байдал маш их хүндэрч байна. Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдлаа. Ард иргэдийн төрд итгэх итгэл суларч, төрийн ажил цалгардаж байна. Энэ байдлаас яаж гарах вэ гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд бид ярилцая гэж Ерөнхий сайдыг хуралдаандаа урьсан,ч ирсэнгүй. МАН-ын бүлэг дээр ирээд энэ асуудлыг ярихаас Ерөнхий сайд халгаж байх шиг байна. Тэгж ойлголоо. Бидний сэтгэлийг хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол Ерөнхий сайд Засаг дарга нарыг томилохдоо илт намаар ялгаварлаж байна. Ардчилсан намаас аймгийн Засаг даргад нэр дэвшсэн хүнийг материалыг нь хөөцөлдөж байгаад гурван цагийн дотор томилчихдог. Ардын намаас Засаг даргад нэр дэвшсэнийг нь батламжлахгүй, томилохгүй гацаасаар 48 хонож байна. Тэр бүү хэл зарим аймгийн Засаг даргыг гурваас дөрвөн удаа буцааж байна. Хуульд ингэх заалт байхгүй. Аймгийн ИТХ нь хуралдаад хоёр дахь удаагаа Засаг даргын нэрийг өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд үг дуугүй батламжлах ёстой. Хуулийн өөр заалт байхгүй. Гэтэл Хөвсгөл аймагт илтэд хууль зөрчсөн үйлдлүүдийг хийгээд эхэллээ. Нөгөө талаасаа Ерөнхий сайд хүн аймгийн ИТХ-тай маргаж суудаг хүн биш. Асуудал гарвал тэр нь шүүхээр явдаг. Гэтэл Ерөнхий сайд “Аймгийн ИТХ нь буруу шийдвэр гаргаж байна” гээд маргалдаад сууж байна. Мөн зарим аймгийн Засаг даргыг төрийн алба хаагаагүй гэж хойшлуулж байна. Баянхонгор аймгийн Засаг даргад нэр дэвшигч Б.Жаргалсайхан нь төрийн алба хаагаагүй байсан ч гурван цагийн дотор л батламжилсан. АТГ-аар шалгуулж байгаа хүнийг Засаг даргаар батламжлахгүй л гэсэн, хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Засаг даргыг батламжилсан. Өөрийнхөө намаас нэр дэвшигчийг хэдхэн цагийн дотор ямар ч асуудалгүйгээр Засаг даргаар томилдог атлаа МАН ялсан газар Засаг даргыг нь батламжлахгүй байсаар өнөөдрөөс Хөвсгөл аймгийн Засаг даргаар үүрэг гүйцэтгэгч томилж байна. Аймгийнх нь АН-ын даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа бололтой юм, түүнд тамга тэмдгийг нь өгөхгүй. Тэр ажил хийгдэхгүй, хууль зөрчиж байгаа юманд бид хүлцэнгүй хандахгүй. Эцэстээ энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь Ерөнхий сайдыг өөрийнхөө ажлыг шууд хүндрүүлж байна, ард түмнийг хувааж байна, орон нутгийг бужигнуулж байна, энийг Засгийн газар өөрөө хүсэж байна гэж дүгнэхээс аргагүй байдалд хүргэлээ. Дорнод аймаг дээр мөн асуудал үүсгэж байна. Бид өмнө нь энэ асуудлаар Ерөнхий сайдтай олон удаа уулзаж ярилцсан. “Ялсан, ялсан газраа дүнгээ баталгаажуулаад явъя” гэж… Ардчилсан нам ялсан газраа Засаг даргаа томилоод яв. Ард түмэн орон нутгийн ажил цэгцрээд явах хэрэгтэй байна” гэсэн Ерөнхий сайд “За” гэж хэлчихээд одоо хэр нь зургаан аймгийн Засаг даргыг томилохгүй 48 хонож байна. Эцэстээ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Бид ийм зүйл хийлгэхгүй, шүүхэд хандана. Хуульд үүрэг гүйцэтгэгч гэсэн заалт байхгүй учраас шат шатанд нь хандана” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр Ерөнхий сайдыг түүхэнд байгаагүй туйлширсан, улстөржсөн, намчирхсан Ерөнхий сайд байна гэв. Энэ тухай тодотгохдоо Ө.Энхтүвшин гишүүн “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний шөнө сонгуулийн дүн гарч байхад Н.Алтанхуяг сайд “АН 14-15 аймагт хавтгай ялчихлаа. Улаанбаатар хотод ганц дүүргээс бусдад хавтгай ялчихлаа” гэж хэлж байсан. Одоо бодоход тэр нь ард түмний сонголтыг будилаантуулах гэсэн зориуд булааж авах гэсэн, хүч түрэх гэсэн санаа байж. Өнөөдөр баталгаажуулж өгөхгүй байна гэдэг урьдаас төлөвлөсөн арга саам болох нь нотлогдож байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Дорнод аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг юм байна. Тэрбээр Дорнод аймагт мөн Засаг даргыг батламжлахгүй байгааг онцоллоо. Энэ аймаг 35 мандаттайгаас 18 суудлыг нь МАН-аас нэр дэвшигчид, 14 суудлыг Ардчилсан нам, 2 мандатыг бие даагчид, нэг мандатыг ИЗНН-аас нэр дэвшигч тус бүр авчээ. Шинээр бүрдсэн аймгийн ИТХ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад нэрийг нь өргөн мэдүүлсэн юм байна. Гэвч Засаг даргад нэр дэвшигчийг төрийн албанд ажиллаж байгаагүй гэдэг үндэслэлээр хойшлуулсаар иржээ. Үнэхээр төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг Засаг даргаар батламжлахгүй байна уу гэхээр тийм биш. Баянхонгор аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Жаргалсайхан нь, М.Бадамсүрэнгийн нэгэн адил төрийн албанд ажиллаж байгаагүй гэх мэтээр яриад байвал асуудал их байгаа бололтой.