-Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэх болсон гэж танай байгууллагаас мэдээлж байсан. Гэвч өнгөрсөн оны сүүлчээс эхлэн зарим компаниуд АИ92 шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмээд байна. Танайд энэ тухай мэдээлсэн үү?
-Шатахууны асуудал үнэхээр хүнд байна. Энэ бол 2004 оноос л иргэдийн толгойг өвтгөдөг асуудал байсаар ирсэн. Шатахууны үнэ нэмэгдэх бүрт зах зээлийн зарчмаар нэмэгдэж байна уу, үгүй юу гэдгийг манай байгууллага шалгаж, нягталсаар ирсэн. Үгсэн хуйвалдаж, хуурамчаар хомсдол үүсгэсэн гэж хэд, хэдэн удаа бид шатахуун импортлогч компаниудад торгууль оногдуулж байсан. Импортлогч компаниуд шатахууны үнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард 50 төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд шатахуун импортлогч нарт жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгосон байгаа. Шатахуун импорлогчид оны өмнөхөн манай байгууллагад шатахуун 210 төгрөгөөр нэмэх хүсэлт манайд ирүүлсэн. Гэвч бид бүх нөхцөл боломжийг судлан үзээд 50 хүртэлх төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэх шийдвэр гаргасан. Гэтэл зарим нефть импортлогчид ард иргэдэд шинэ оны “бэлэг” барьж үнээ дахин нэмээд байна.
-Шатахуун импортлогчид танай шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрсөн үү?
-Дээд тал нь 50 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй байна гэдгийг шатахуун импортлогч бүх компаниудын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. Гэвч оны өмнөхөн “Магнай трейд” ХХК, өнгөрсөн долоо хоногт “Сод Монгол” ХХК шатахууны үнийг дахин 50 төгрөгөөр нэмээд байна. Үнэ нэмсэн талаараа “Магнай трейд” ХХК манайд ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, харин “Сод Монгол” ХХК бол манайд мэдээлсэн. Бид ямар учраас шатахууны үнийг нэмэх болсон шалтгааныг тогтоохоор шалгаж эхэлсэн. Шалгалтын хариу хараахан гараагүй байна. Манай байгууллагаас үнэ зах зээлийн зарчмаар бүрдэж байгаа эсэхийг судлаж, зохицуулалт хийх үүрэгтэй шүү дээ. Гэтэл иргэд ШӨХТГ шатахууны үнийг тогтоох ёсой гэж андуу ойлгоод байгаа юм.
-Үндэслэлгүйгээр шатахууны үнийг дахин 50 төгрөгөөр нэмсэн нь тогтоогдвол дээрхи байгууллагуудтай хариуцлага тооцох уу?
-Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөлд үгсэн хуйвалдаагүй, хомсдол үүсгээгүй бол торгууль, арга хэмжээ авах ямар ч эрх зүйн үндэслэлгүй болоод байгаа юм.
-Энэ удаад шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж нэг дор үнээ нэмсэнгүй. Долоо хоногийн зайтай нэмж байна. Тэгэхээр арга хэмжээ авах боломжгүй гэсэн үг үү?
-Тийм ээ, арга хэмжээ авах бололцоогүй.
-Шатахууны үнэ энэ сард дахин нэмэгдэх сураг байна. Энэ үнэн үү?
-Газрын тосны агентлагаас энэ сард ОХУ-аас орж ирэх АИ-92 тонн тутамдаа 96 ам.доллар, дизель түлш 36 ам.доллараар нэмэгдэнэ гэж манайд мэдээлсэн байгаа. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний үнийн 80-90 хувь нь ОХУ-аас шууд хамаардаг.
-Тэгэхээр дахиад шахатууны үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ нэмэгдсэн үнээр авсан шатахуун энэ сарын дунд үеэс эхлэн манай улсад орж ирэх байх. Үүнээс өмнө шатахууны үнэ нэмэгдэхгүй.
-Ойролцоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх юм бол?
-Газрын тосны агентлаг дээр нарийн тооцоо хийгдэж байгаа. Яг тодорхой хэлэх боломжгүй байна.
-Нефть импортлогчид 17 тэрбумын торгуулиа төлж эхэлсэн үү?
-Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдож торгосон 17 тэрбумын торгуулийг шатахуун импортлогчид хүлээн зөвшөөрөлгүй ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Бид ямар учраас нефть импортлогчдыг торгох шийдвэр гаргасан тухайгаа шүүхэд тайлбарлах болж байна.
-ШӨХТГ-ын хуучин зөвлөлийн гишүүдийг өмнө нефть импортлогчдод ногдуулсан торгуулийг үндэслэлгүйгээр цуцалсан гэж АТГ-т шалгаж байгаа. Энэ хэрэг юу болж байгаа вэ?
-Энэ талаар тодорхой хэлэх боломжгүй.
-Одоогоор ШӨХТГ ямар ажлууд хийж байна вэ?
-Бид хэд хэдэн захуудын хууль зөрчиж байгаа асуудлуудыг цэгцлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Барс” захад худалдаа эрхэлж байгаа түрээслэгчдээс зарим бараа бүтээгдэхүүнийг зарахыг хориглож байна, дарамт шахалт үзүүлж байна гэх гомдлууд ирүүлсэн. “НВЦ”-ийн өндөг, “Голд стар”-ын кимчинээс бусад компанийн өндөг, кимчиг заруулахгүй гэсэн журам гаргасан байсан. Манай улсын байцаагч нар шалгаад үзэхэд үнэхээр ийм журам гаргасан байсан. Энэ нь өрсөлдөөний орчинг бүрдүүлээгүй, шударга өрсөлдөх зарчмыг алдагдуулсан гэсэн үг. Мөн хэрэглэгчдийг сонголтгүй болгосон байсан. Нөгөө талаасаа хязгаарлалт хийн сонголтгүй болгож байгаад барааны үнэд нөлөөлөх үндэслэл бий болсон байсан.
-Үүнд ямар арга хэмжээ авсан бэ?
-Манай улсын байцаагч нар зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн. “Барс”-ын удирдлагууд шаардлагыг хүлээн авч, дахин ийм дутагдал гаргахгүй гэж мэдэгдээд байгаа. Мөн улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, зах зээлд худалдаж болно гэсэн бүтээгдэхүүнийг “Барс” зах өөрийн лабораторид дахин шинжилдэг байсан гэсэн. Энэ лабораторид давхар төлж байгаа төлбөр хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүний үнэд шингэдэг. Тиймээс дахин төлбөр авч шинжилгээ хийдэг явдлыг таслан зогсоосон.
-Бусад захуудын тухайд ямар зөрчил байна?
-“Хүчит шонхор” зах нь давамгай байдлаа ашиглан түрээсийн үнээ нэмж, янз бүрийн торгууль хураамж төлбөр их хэмжээгээр авдаг нь махны үнэ нэмэхэд хамгийн ихээр нөлөөлдөг. Мөн дээрхи нөхцөл шаардлагыг хүлээж аваагүй түрээслэгчдийг хамтран ажиллах гэрээгээ цуцална гэж айлгадаг байсан гэсэн. Захуудаас гадна нислэгийн дотоод журмыг дагаж мөрдөөгүй нислэгийн компаниудыг зорчигчдод нөхөн төлбөр олгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Урьд нь нөхөн олговор нэг ч удаа олгож байгаагүй юм билээ.
-“МИАТ” компани цуцлагдсан нислэгийн нөхөн төлбөрийг олгохоор боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Нөхөн төлбөрийн хэмжээ хир байх бол?
-Нислэгийн зайнаас хамаараад ойролцоогоор100-200 ам.доллар байх болов уу. Мөн нисэх буудалд хоолны талон, хонох шаардлагтай үед буудлын мөнгө шийдвэрлэж өгөх ёстой. Мөн нэн шаардлагатай явж байгаа зорчигчдийг хамгийн боломжит хувилбараар хүрэх газарт хүргэх ёстой.
-Цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс нислэг саатсан бол зорчигч нөхөн төлбөр авах уу?
-Ерөнхийдөө компанийн буруутай үйл ажиллагаанаас нислэг саатсан бол нөхөн олговор олгох ёстой. Гэхдээ зайлшгүй хүчин зүйлүүд бас байна. Иргэд энэхүү нөхөн төлбөрийг зөвхөн “МИАТ”-тай холбож ойлгоод байгаа юм. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх нислэгийн компаниуд үүнд хамаатай.
-Энэ ондоо та бүхэн ямар ажлуудыг төлөвлөөд байна вэ?
-Бид такси үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн ярианы төлбөрийг ирэх гуравдугаар сараас эхлэн секундад шилжүүлэх шийдвэр хэрэгжинэ. Мөн томоохон үүрэн телефоны компаниуд барьцаа мөнгөний хүүг иргэдэд өгдөг болох гэж байгаа. Хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн аливаа бүхэнд бид байнга шалгаж, хяналт тавьж ажиллах болно.