Чуулган сонгуулийн барьцаанд оров

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Чуулган сонгуулийн барьцаанд оров

Шинэ оныг УИХ гацаатай угтлаа. Бүтэн жилийн ажил нь ийм маягийн байх юм биш биз гэж санаа зовмоор. Монгол хүн бэлгэдлийг боддог. Шинэ оны гараа ямар байхаас цаашдын үйл явдал хамаарна гэж үздэг. Гэтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирцийн асуудлаас болж гацаанд ороод байгаа. Гацаа тайлагдах эсэх нь энэ долоо хоногийн пүрэв гаригт шийдэгдэнэ.

Энэ удаагийн гацаа гишүүдийн ирцээс болж үүссэн. Гэхдээ үүний цаана улс төрийн агуулга бас бий. Гацаа үүсэх болсон шалтгаан нь "Танай бүлгийн гишүүд хуралдаанд ирэхгүй бол манай бүлэг ч суухгүй” гэсэн бага ангийн хүүхдийн амнаас л гарч болох барьцаа. Хурал тасалдаг гишүүдээс болж хуралдаан саатах нь үе, үеийн парламентад байсан хамгийн арилдаггүй дутагдал. Гэвч энэ удаагийн УИХ үүнийг улс төр болгож бүлгүүдийн хооронд хэрүүлийн алим өнхрүүлэв. Бүлэг байгуулах эрхээ аваад удаагүй байгаа МАН гол дүрд нь тоглож байна. Өөрөөр хэлбэл, гишүүд хуралдаандаа ирчихэд л арилж болох гацааг улс төр болгон даамжруулж байна.

Уг нь бол цөөнхийн зүгээс олонхийг ирцээ бүрдүүлэхийг шаардаж, гадаадад яваа гишүүдийн нэрс ирцэд орсныг шүүмжилсэн нь зөв. Харин үүнээс болж цөөнх хуралдаанд орохгүй хэмээн барьцсан нь буруу. Сонгогчид эрхэм гишүүдийг “Хуралд сууж хууль тогтоо” гэж саналаа өгч сонгосноос биш “Дур дураараа тодорч, хурлаа тасалж улс төрийн шоу хийцгээ” гэж мандат өвөрлүүлээгүй.

Гэтэл сүүлийн хэдэн өдрийн улс төрийн үйл явц гишүүдийн ирц тойрсон явган хэрүүлээр тодорхойлогдож байна. Дунд сургуулийн сурагчид хичээлдээ суух эсэхээсээ, алба ажил эрхэлж байгаа  иргэд ажилдаа явах болихоос болж хэрэлдэж маргалддаггүй биз дээ. Тэгтэл Монголын нийт сонгогчдын саналаар төрийн түшээгийн сэнтийд заларсан эрхмүүд үндсэн ажлаа хийхгүй талцаж хэрэлдээд сууж буйг юу гэж үзэх вэ.

Бүр байчихаад “УИХ дахь нам, эвслийн бүлгүүд гишүүдийнхээ 50-иас доошгүй хувийг чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Эс тэгвэл бүлэг байх шаардлагагүй” гэсэн хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санаачлахаар болжээ. Арай хэтэрч байгаа биз. УИХ-ын гишүүд ийм болтлоо ёс зүйн доройтолд орчих гэж. Хуралд суух үндсэн үүрэгтэй гишүүд хууль гаргуулж байж суух юм гэнэ.

Засгийн газрын цагаар Ерөнхий сайд мэдээлэл хийхэд МАН-ын бүлгийн гишүүд ороогүй. Уг нь Засгийн газрын цагаар сайд нарын мэдээлэл сонсоход ирц хамаардаггүй. Тухайн сэдвийг сонирхсон гишүүд оролцож асуулт хариулт өрнүүлдэг. МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдын мэдээлэлд суугаагүй. Ерөнхий сайдын мэдээллийг тэд сонирхоогүй байж болно. Гэтэл суулгүй өнгөрөөчихөөд “Бидний байхгүйд мэдээлэл хийсэн“ хэмээн улс төр хийгээд байгаагийн цаана орон нутгийн сонгуулийн үр дүн МАН-д таалагдахгүй байгаатай холбоотой гэдэг нь тэдний хийсэн мэдэгдлээс харагдаж буй. МАН ялсан зарим аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлахгүй удаад байгаа асуудлаар шүүхэд хандана гэдгээ МАН-ын бүлэг мэдэгдээд байна. Тэгээд энэ асуудлаар Ерөнхий сайдыг бүлгийнхээ хуралд урьж мэдээлэл авна гэжээ.

“АН ялсан аймгийн Засаг даргыг гуравхан цагт батламжилдаг атлаа МАН ялсан газрынхыг 48 хоноход батламжилсангүй” хэмээн МАН-ын бүлгийнхэн тунирхаж байна. Нэг үгээр хэлбэл УИХ-ын чуулганы үйл ажиллагаа орон нутгийн сонгуулийн барьцаанд оржээ. Асуудал тийм дээрээ тулсан бол уг нь чуулганыхаа хуралдаанд суугаад учир зүйгээ яримаар. Харин чуулганаа таслаад хуралдаанаа гацаагаад улс төр хийгээд байвал улс орны хөгжил хаашаа явахыг гишүүд мэдэж л байгаа.

Ерөнхий сайд үнэхээр намаар ялгаварлаж ажилдаа хандаж байгаа бол түүнд хариуцлага тооцох эрх эрхэм гишүүдэд бий. Үүнийг чуулган дээрээ ярихаас биш өрөө өрөөнөөсөө шүүмжлээд нэмэргүй. Төрийн машиныг гацаанаас гаргахын тулд УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаанд нь урих л үлдэж байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж