“Шивээ хүрэн” боомтод нүүрсний гарц нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

“Шивээ хүрэн” боомтод нүүрсний гарц нээгдлээ

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр  Монголын Шивээ хүрэн, Хятадын Сэхэ боомт найман гарц бүхий шинэ гарцтай  боллоо. Боомтын нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрөгч бямба гаригт болж, шалган нэвтрүүлэх  нүүрсний гарцыг  барьж байгуулах ажлыг санаачилж, хөрөнгө оруулалт хийсэн “МАК”, “Өмнийн говийн элс”, “Чинхуа МАК-Нарийн сухайт” хамтарсан компанийн төлөөлөл,  хил, гааль, мэргэжлийн хяналтаас албаны хүмүүс оролцсон юм. Дээрх хоёр боомтын хооронд нүүрс тээврийн найман урсгал бүхий гарцыг нээснээр боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасах, ажиллах орчин нөхцөл сайжрах, нүүрс тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарт цаг хугацаа хэмнэх  зэрэг давуу талууд нээгдэж  байгаа юм байна. Түүнчлэн Монгол, Хятад хоёр улсын  нүүрс  тээврийн замд чухал нөлөө үзүүлэх гарц гэнэ. Найман гарц бүхий  шалган нэвтрүүлэх гарц нь  сүүлийн үеийн тоног төхөөрөмж,  паспорт уншигч суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбогджээ.

Нүүрсний гарц нээх ёслолын ажиллагаанд  оролцсон Монголын Алт" МАК ХХК-ийн Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн дэдерөнхийлөгч Г.Цогт “Монгол Хятадын Шивээ хүрэн, Сэхээ боомтоор нэвтрүүлж  буй нүүрсний экспорт  нь Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.  Өнгөрөгч 2012 онд энэ боомтоор 7.2 сая тонн нүүрс экспортолсон. Урьд нь  нүүрс тээвэр, иргэд зорчигчдын хөдөлгөөн цуг явдаг байсан нь хилээр гарч чадахгүй өнжин хонож, хил гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл гардаг байсан. Цаашдаа дан ганц  түүхий нүүрс  экспортлохоос гадна боловсруулах, баяжуулах, чанарыг сайжруулж  бүтээгдэхүүн болгон экспортлох зорилт тавьж байна. “МАК” компани санаачилж, зураг төслийг нь гаргаж, хил  гаалийн байгууллагын удирдлагуудтай зөвшилцөж, ажлын онцлогт  нь тохируулж энэхүү гарцыг байгуулсан. Засгийн газрын төслөөр Шивээ хүрэн боомтын ерөнхий төлөвлөгөө өнгөрсөн жил батлагдсан. Энд төрийн зүгээс төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэгдсэн төв байгуулагдана. Монгол Улсын хилийн дотор нүүрс тээврийг боловсронгуй болгох судалгааны ажил хийгдэж байна” хэмээн онцоллоо.

Харин Овоот  0166 -р  ангийн захирагч, хурандаа  Д.Мэндсайхан  “2012 онд Шивээ хүрэн, Сэхэ боомтын нүүрс тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний гарцыг барьж  байгуулах ажил 2012 оноос эхэлсэн. Энэхүү боомт нээгдсэнээр хил гааль, мэргэжлийн хяналтын байцаагчдын   ажиллах нөхцөл сайжирч,  цаг хугацаа хэмнэнэ. Бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн Гурван тэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “МАК”, “Чинхуа МАК-Нарийн сухайт” хамтарсан компани, “Өмнийн говийн элс” компанийн удирдлагуудад талархал илэрхийлье. Өмнө нь найман урсгалтай зам ашиглалтад ороогүй байхад нүүрсний  тээврийн хөдөлгөөн, хилээр  орж гарч байгаа зорчигчдын хөдөлгөөнтэй давхцаж,  бухимдал  ачаалал үүсгэдэг  байсан. Энэ асуудал  энэ цаг мөчөөс шийдэгдэж   байгаа” гэв.

Өмнө нь боомтын хүчин чадал хангалтгүй, байнгын ажиллагаагүй байснаас  нүүрс тээвэрлэгчид  хоноглох хүндрэл гардаг  байсан нь шинэ гарц нээснээр шийдэгдсэн байна.  Мөн өмнө нь нэг машин гаргахад  дунджаар 50 секунд  зарцуулдаг  байсан бол   шинэ гарцтай болсноор  15-20 секундын дотор хяналт шалгалтыг хийх боломж бүрджээ.

Шинэ гарц  байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход “МАК” , “Чинхуа МАК-Нарийн сухайт”, “Өмнийн говийн элс” компаниуд  хоёр орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж