Хүүгээ зодсон хойд эцэг хаачив?

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Хүүгээ зодсон хойд эцэг хаачив?

Зайрмагны 300 төгрөг хэлэлгүй авсан хэрэгт буруутган долоон настай хүүг хойд эцэг нь гурван цаг гаруй харгисаар зодсон хэрэг өнгөрсөн сард гарч олон ээжийн сэтгэлийг өмрүүлж, өр нимгэн нэгний сормуусыг норгосон билээ. Тэрээр дагавар хүүгээ гурван цагийн турш яргалж, хоёр гарын ясыг цуулж, толгойг нь хагалж, бүхий л бие нь хөх няц болтол нь зодсон байсан юм. Бяцхан бие, балчир зүрхэндээ багтахааргүй шарх авсан хүү Гэмтэл, согог судлалын үндэсний төвд долоо хоног хэвтэн эмчлүүлж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд эмнэлгээс гарч ээж дээрээ очсон. Харин хүүг зодсон 35 орчим насны Т гэгч Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа аж.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр “Хүүг зодсон сэжигтнийг дүүргийн цагдаагийн хэлтэст цагдан хорьж байсан ч эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцааж эхэлсэн тул хорих Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлээд байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа яваа тул тун удахгүй прокурорын байгууллагад шилжүүлнэ” гэв. Мөн эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Т нь өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд эхнэр хоёр хүүхдээсээ салж хүүгийн ээжтэй хамтран амьдарч байсан аж. Тэрээр мөрдөн байцаалтын явцад огтхон ч гэмшсэн шинжгүй байсан бөгөөд “Хүүхдээ зодож болохоо больчихсон юм байна л даа” гэж хэгжүүрхэж байсан гэсэн. 

Хойд эцгийг бяцхан хүүд хүч хэрэглэн, биед нь гэмтэл учруулж танхайрсан гэх хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 181.3-д зааснаар хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд гэм буруутай нь нотлогдвол хуулийн дагуу буруугаа ухаарах “шагнал” буюу 5-8 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

Хүүгийн ээж нь дахиж үрээ зодуулахгүй, ийм зүйл болсонд харамсч байна гэж гэмшиж байгаа хэдий ч хэрэг гарах үед цагдаа болон эмнэлгийн байгууллагыг дуудан амийг нь аварсан Н.Болортуяа бүсгүй “Намайг ороход хүүгийн нүүр хэсэг нь цус болсон, хоёр гар, ууц нуруу, хүзүү нь түлэгдчихсэн, дуу гарахгүй байсан. Хүүгээ ээж нь өмөөрөхгүй байсныг их гайхсан.  Намайг гэрт нь ороход ээж нь хүүгээ нууж, арагшаа түлхээд л. Үнэхээр хүүхдэдээ туслая гэж бодож байсан бол “Хүн дуудаарай” гэх байсан болов уу. Тэгтэл ээж нь “Хүүхдээ зоддоггүй монгол хүн гэж хаана байсан юм” гээд хүүг авч гарах гэсэн намайг цохиж, хөөж гаргасан” гэсэн. Гэрчийн мэдүүлгээр ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэн, баривчлах боломжгүй тул ямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломжгүй аж. Одоогоор хүү болон хүүгийн ээжтэй Хүүхдийн төлөө төвийн ажилтнууд байнга уулзаж, ярилцаж байгаа аж.

Эцэст нь дагавар хүүгээ тарчилгасан хойд эцэгт хуулийн байгууллагаас зохих ялыг оноовол балчир үрийнхээ нулимсыг үздэг нэгэнд том сануулга болох нь дамжиггүй. 

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж