Гаалийн бүрдүүлэлт хэрхэн өөрчлөгдөв

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Гаалийн бүрдүүлэлт хэрхэн өөрчлөгдөв

Оны өмнөхөн Гаалийн тухай хууль шинэчлэгдэж, уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-60.3.4 дэх заалтыг тус тус өөрчилсөн юм. Ингэснээр өмнө нь Гаалийн бүрдүүлэлт хийхэд арав гаруй төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо дөрөв болж цөөрөөд байгаа юм.

Хуульд шинэчлэн зааснаар гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг дараах дөрвөн зүйл болгон цөөлсөн байна.

  1. Гадаад худалдааны гэрээ, эсвэл үнийн нэхэмжлэх
  2. Тээврийн бичиг баримт
  3. Тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз
  4. Хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.

Уг дөрвөн бичиг баримтыг бүрдүүлэхэд ямар хүндрэл тулгардаг талаар албаныхнаас тодруулахад, үнийн нэхэмжлэх, тээврийн бичиг баримт, лиценз нь хилээр орж, гарахын тулд бүрдүүлэхэд төдийгүй худалдаа явуулах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд заавал хэрэг болдог аж. Өөрөөр хэлбэл, дээрх бичиг баримтыг бүрдүүлэхэд цаг хугацаа алдах, олон тийш хандаж зөвшөөрөл авах шаардлагагүй, амар хялбар болсон тухай албаныхан онцолж байна. Харин гаалиар нэвтрэхийн тулд хил дээр ирээд Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, дүгнэлтээ гаргуулах юм.

2012 онд Монгол Улс гадаад худалдааны орчноороо дэлхийн орнуудаас 174 дүгээр байрт жагсчээ. Үүнд гаалийн хууль тогтоомж, хилийн боомт болон авто зам, төмөр замын дэд бүтэц сул, гааль мэргэжлийн хяналт, хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу байдаг, хүнд сурталтай зэрэг нь голлон нөлөөлсөн гэж үзсэн байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж