Хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2013.01.07/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Үнэт цаасны тухай хуулийг 1996 онд, 2002 онд шинэчлэн найруулж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталж байсан. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа гаргах /IPO/ замаар олон нийтээс хөрөнгө татах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн хэмжээ өсч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны эцэст 620,7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст 1329,9 тэрбум, 2011 оны 2 дугаар сард 3219,2 тэрбум, 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 2100,7 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна. Түүнчлэн компаниуд хувьцаагаа давхар бүртгэлтэйгээр дотоод болон гадаадын зах зээлд гаргах эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа ч үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй байгаа нь уг хуулийн төслийг боловсруулах шаардлага үүсгэсэн гэдгийг хуулийн төсөл санаачлагч хэлж байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, 2006 оны байдлаар 25, 2010 оны байдлаар 51 брокер, дилерийн компани үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2011 оны 11 дүгээр сард 88 болтлоо эрс өсчээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хэдий  боловч одоогийн хуульд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийлөн өндөр биш байгаа гэдгийг салбарын сайд УИХ-ын даргад онцоллоо. Өөрөөр хэлбэл үндсэндээ 50 сая төгрөгтэй этгээд энэ төрлийн  үйл ажиллагааг эхлэх боломжтой байдаг нь хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм байна. Үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага  хэт бага хэмжээний торгуулиас хэтрэхгүй байгаа аж.

Тиймээс уг хуулийн төслөөр Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, нарийвчилсан дүрэм журмаар зохицуулахаар заасан байна. Мөн Төрийн эрх бүхий байгууллага үнэт цаасны зах зээл дэх бүрэн эрх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн бүрэн эрх, гишүүнчлэлийн асуудал  зэргийг тусгажээ.

Үүний зэрэгцээ Үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийн тодорхойлсон хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж