Хууль зүйн сайдыг сүрдүүлсэн хоёр дахь захидал

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдыг сүрдүүлсэн хоёр дахь захидал

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сүрдүүлсэн анхны захидал өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Хууль зүйн яамны хаягаар “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь” гэсэн хаягтайгаар ирж, уг захидлын эхийг эрхэм гишүүн өөрийн твиттер хуудсандаа тавьснаар УМБГ-аас захидлын эзнийг хайж эхэлсэн билээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд цагдаагийнхан захидлын эзнийг илрүүлж, тэрээр өөрөө хэргээ хүлээсэн тухай мэдээлсэн. Хууль зүйн сайдыг сүрдүүлсэн агуулгатай уг захидлыг УИХ-ын тамгын газарт референтээр ажилладаг Н.Нарантуяа гэдэг эмэгтэй өөрийн компьютерт бичиж илгээснийг цагдаагийнхан тогтоосон бөгөөд тэр нь ШШГЕГ-ын дарга асан генерал Ц.Ганхүүгийн эхнэр юм байна гэдэг мэдээлэл ч бас нийтэд ил болоод байгаа. Гэвч уг захидал Хууль зүйн сайдын гарт ирэхээс сарын өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 14-нд Төрийн ордны бичиг хэрэгт Х.Тэмүүжин сайдад хаягласан анхны захидал ирсэн байжээ. Бичиг хэргийн ажилтнууд буцах хаяггүй, учир битүүлэг захидлыг задалж үзээд ТЕГ-т шалгуулахаар илгээсэн аж. Гэвч уг захидлын араас тагнуулынхан ямар нэгэн ажиллагаа явуулаагүй бөгөөд УМБГ-т шалгуулахаар өгсөн хоёр дахь захидлын мөрөөр эрүү үүсгэг шалгаж эхэлсний дараа л эхний захидлыг цагдаагийнханд гаргаж өгчээ.

Сонирхолтой нь дээрх хоёр захидлыг нэг хүн бичсэн байна. Шалгалтын явцад Ц.Ганхүү генералын эхнэр өөрөө хэргээ хүлээсэн төдийгүй тун саяхан Хууль зүйн сайдаас уучлал гуйсан гурав дахь захидлаа ирүүлжээ. Ингэхдээ энэ хэрэгт миний нөхөр болон хүүхдүүд хамаагүй шүү хэмээн залруулсан байна. Тэдний нэг хүү нь Эрүүгийн цагдаад дээгүүр алба хашиж байсныг Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайдаар томилогдсоны дараа буюу цагдаагийн удирдлагуудад хийгдсэн сэлгээний үеэр тушаал бууруулсан юмсанж. Сонирхолтой нь сайдыг сүрдүүлсэн эхний болон хоёр дахь захидал ирэх хүртэл ШШГЕГ-ын дарга ажлаа үргэлжлүүлэн хийж байсан гэдгийг Хууль зүйн сайд хэлж байна. Гэвч тэрээр сайдын албыг авсанаас хойш ердөө долоо хоногийн дараа цагдаагийн байгууллагад хөдөлгөөн орно, удирдлагуудыг нь өөрчилнө, хөрөнгөжсөн хурандаа нарыг цагдаагаас зайлуулна хэмээн зарласныг мартаж болохгүй.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж