Шварценеггер кино урлагт эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Шварценеггер кино урлагт эргэн ирэв

Австри, Америкийн бодибилдингч, жүжигчин Арнольд Шварценеггер өнгөрсөн онд Калифорни мужийн амбан захирагчийн үүрэгт ажлаасаа халагдсанаар кино урлагтаа эргэн иржээ. Арнольд Шварценеггер өнгөрсөн онд “Expendables” /1,2/ кинонд хуучны андуудтайгаа хамтран тоглосноор одоо ч кино од хэвээр буйгаа батлан харуулсан билээ. Түүнчлэн тэрээр энэ 2013 онд уран бүтээлийн олз омог ихтэй байж, энэ сарын 18-нд нээлтээ хийх "The Last Stand", ирэх есдүгээр сард нээлтээ хийх "The Tomb", ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх  "Ten" зэрэг кинонуудад дүр бүтээж байгаа юм байна. Арнольд Шварценеггерийн кино урлагт эргэн ирсэн талаар “Lionsgate” кино группын захирал Роб Фридман “Тэрээр одоо ч дэлхий дахины тулаантай кино сонирхогчдын дунд алдартай кино од хэвээр байна“ хэмээн мэдэгджээ. Харин жүжигчин Арнольд Шварценеггер “Би долоон жил кино урлагаас хол хөндий байсны эцэст дахин энэ салбарт эргэн ирэхэд хүмүүс намайг хүлээж авах эсэхэд эргэлзэж, маш их айж байсан. Гэхдээ миний тоглосон “Expendables” /1,2/ кино үзэгчдийн таашаалд нийцэж, дэлхийн кинотеатруудаас 274.5 сая ам.долларын ашиг, орлого цуглуулсанд баяртай байна. Түүнчлэн хэрэв “Terminator” киноны тавдугаар ангийг бүтээхээр надад санал тавибал би дуртайяа хүлээн авна” гэж "The Last Stand" киноны хэвлэлийн хурал дээр ярьжээ. Арнольд Шварценеггер өнгөрсөн 2011 онд экс-гэрийн үйлчлэгч Милдрэд Патрика Боэнагаас хүүтэй гэдэг нь илэрснээр эхнэр Мария Шрайверээс салж, томоохон дуулиан дэгдээгээд байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж