&#34Хуцаад бай, та нар л үхчихэв гэж&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

&#34Хуцаад бай, та нар л үхчихэв гэж&#34

Дүн өвлийн хүйтэнд автобус хүлээж дагжин чичирч зогсох тийм ч амар биш. Манай сонинын редакцид Толгойтын чиглэлийн автобус 30 гаруй минут хүлээл­гэдэг тухай гомдол ирүүл­сэн юм. Энэ гомдлын мөрөөр бид тус чиглэлийн автобусны цагийн хуваарь, үйлчилгээний соёлын талаар сурвалжиллаа. Манай сонины сурвалжлах багийнхан Сонгинохайрхан дүүргийн Толгойт чиглэлийн автобусанд суухаар 40 мянгатын “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх автобусны буудлыг зорилоо. Өнгөрсөн бямба гаригт нийтийн тээврийнхэн ердийн цагийн хуваариар ажилласан юм. Биднийг автобусны буудалд очиход оройн 18:20 цагт болж байв. Шархад, III, IV хороолол чиглэлийн автобус ойролцоогоор арван минутын зайтай ирж харагдсан. Харин бидний хүлээсэн Толгойтын  чиглэлийн автобус бараа сураггүй л байлаа. Оройн жавар орсон болохоор унаа хүлээн зогсох иргэд цөхрөнгөө барж, хөл гар нь даарч байгаа нь илт анзаарагдсан.

Ийн 20 орчим минут хүлээсний эцэст “Толгойт М4” маршрутын “8601 УНП” улсын дугаартай, цэнхэр өнгийн “Хюьндэй” маркийн автобус дүүрэн хүнтэй ирэв. Тус буудал дээр унаа хүлээн чичирч зогссон хүмүүс өнөөх автобус руу уралдан очиж хаалгаар чихцэлдэх нь яг л хужирссан мал шиг харагдсан. Бид ч чамгүй хүч зарцуулж байж арай гэж багтаж суулаа. Голын хаалгаар нь хөл тавих зайгүй шахам, байхад кондуктор эмэгтэй “урагшил урагшил” хэмээн чанга дуугаар хашгирч зарим нэгийг нь араас нь түлхэнэ. Ингэж кондуктор эмэгтэйд нүд үзүүрлэгдэн чихэл­дэж явсаар дараагийн буудал дээр зогсоход хүний хөл сийрч зай гарч магадгүй хэмээн горьдож явлаа. Гэтэл ганц хоёр хүн буусан ч зөрж орж ирэх нь олон. Хүн нь багтахгүй байхад кондуктор эмэгтэй, жолооч хархүү хоёр “шахаад өг, шахаад өг” гэж байн байн зандарна. Хүчтэй тоормослох бүрт зорчигчид уулга алдан нэгнээ дарж ойчих дөхнө. Бас бие биеийнхээ хөл дээр гишгэж, нүүр ам руу цохичих гээд тун ч хэцүү. Зорчигчдын ая тухтай байдал, үйлчилгээний соёлын талаар бодох ч хэрэггүй. “Болгоомжтой яваач, олон хүний амь насыг дааж яваа хүн байж” гэж зарим нэг нь жолоочид шаардлага тавихад үл тоомсорлоно. Халтиргаатай замаар тэнхээ мэдэн хурдлах жолооч залуу “Хуцаад бай, та нар  үхчихэв гэж” хэмээн загнах нь айдас төрүүлэм. Үйлчилгээний соёл, үйлчлүүлэгч хаан гэж яриад байдаг зүйл автобусанд л лав хамаагүй бололтой. Тэгснээ бас утсаар ярина. Ер нь энэ нийтийн тээврийн том оврын автобус жолоодож яваа хүн ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгааг холбогдох газ­рууд анхааруулахгүй бол тоомжиргүй байдлаасаа болж олон хүнийг хохироож мэдэхээр л байна. Автобусны шил цантсан тул хаана яваагаа мэдэхэд үнэхээр бэрх. Харин кондуктор эмэгтэйн авууштай зүйл нь тухай бүрийн зогсоолыг зарлах юм билээ. Түүнийг буудал зарлах бүрт талархаж явтал гэнэт чанга дуугаар хэн нэгнийг зандарч зорчигчдын анхаарлыг өөртөө татав. Нэлээн хүнд цүнхтэй зүйл барьсан 30 эргэм насны эмэгтэй гэртээ дөхөөд буух гэсэн бололтой жолоочоос буудалгүй ч, хүн зогсож байвал аваад явдаг “Нарийн” гэх газар зогсоод өгөөч гэж гуйлаа. Жолооч зөвшөөрсөнгүй. Тэгэхээр бүс­гүй уцаарлаж “Та нар хүн авах болохоороо зогсдог  юм билээ. Өвлийн хүйтэнд яах вэ дээ буулгачихна биз” гэв. Гэтэл кондуктор эмэгтэй хүрч ирэн “Чи дуугүй бай, наад юмаа хурдан чирээд буу” хэмээн элдэв муухайгаар доромжилсон. Орчин тойрны цэвэр, аюулгүй байдал гэж том ярихаа болъё гэхэд ядаж үйлчлүүлэгчидтэй соёлтой харьцаж чадахгүй элдвээр зүхдэг кондукторуудын ааш аяг хэзээ засрахыг хэлж мэдэхгүй. Ийн кондуктор, жолооч хоёрын элдвээр аашлахыг харж явсаар Толгойтын эцсийн буудалд ирж, хүмүүс ч бууцгаалаа. Түр амсхийх далимыг ашиглан жолоочоос яриа авахыг хүссэн ч тэрбээр “Би олон хүний амь насыг тээж явна. Боломжгүй” гэж хариулав. Түрүүхэн нь цагтаа амжих ёстой гээд хамаг амьтныг сэгсчин нисэх шахам явсан жолооч залуу эцсийн буудалд зогсмогцоо тэс өөр хүн болж хувирав.

Ц.ХАНДАА: НЭГ БУУДЛААС НӨГӨӨ БУУДЛЫН ХООРОНД ЗАМЫН АЧААЛЛААС ХАМААРААД 15-20 МИНУТ ЯВДАГ

Кондуктор Ц.Хандаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Өглөө хэдэн цагт ажилдаа гардаг вэ?

-Ажилчдын унаа 05:30 цагт хөдөлдөг. Үүрийн 06:45 гэхэд эхний автобус үйлчилгээнд гарна.

-Орой хэдэн цагт ажлаасаа буух вэ?

-22:00 цаг өнгөрөөж бууна. Заримдаа бүр 00:00 цаг ч хүргэдэг.

-Нэг өдөрт хэд тойрч байна?

-Хамгийн ихдээ найм. Тэгээд долоо, зургаа, тав тойрох үе бий.

-Нэг буудлаас нөгөө буудал орох хоорондын хугацааг хэлж өгөөч?

-Янз янз байдаг. 10, 15, 20 минут гээд.

-Танайх ямар автобус компани вэ. Энэ чиглэлд хэчнээн автобус явдаг вэ?

-Манайх “Blue Bus” гэдэг автобус компани. Энэ чиглэлд 18 тэрэг явж байгаа.

-Автобусны техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?

-Өглөө ажилд гарахад дис­печер, механикч хоёр шалгадаг. Диспечер нь жолоочийн үнэм­лэх зэргийг үздэг. Харин механикч нь автобусны гэмт­лийг нягтална.

-Танайх автобусандаа ямар цэвэрлэгээ хийдэг вэ?

-Өдөр бүр хогоо шүүрддэг. Долоо хоног бүр их цэвэрлэгээ хийнэ. Суудлын бүрээс, хана, таазаа угаана.

-Цайны цаг байдаг уу?

-Өдөрт нэг удаа цайнд ордог. Толгойтын эцсийн буудал дээр ирээд цайндаа 20 минут л орно.

-Та түрүүн нэг зорчигчийг элдэв муухай үгээр доромжилж харагдсан. Яагаад тэгж хэлэв ээ?

-Зогсоолгүй газар буух гээд байхаар нь буудалтай газар зогсож гэж хэлэх гээд буруу хэлчихлээ л дээ.

-Жолооч цагтаа багтахын тулд нэлээн хурдтай явлаа. Ер нь нэг тойргоо хэдэн цагт дуусгах ёстой байдаг юм бэ?

-Цагаасаа хоцрохгүйн тулд 1:50 цаг явдаг юм хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан юм.

Бид үүний дараагаар Толгойтын автобус хүлээж зогссон нэгэн иргэнтэй ярилцлаа.

АВТОБУС ИРЭХИЙГ 20-25 МИНУТ ХҮЛЭЭХ НЬ ЮУ Ч БИШ

Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн Х.Батбаатар

-Та автобус ирэхийг хэр удаан хүлээдэг вэ?

-Удаан хүлээх нь бий. Зарим тохиолдолд 20-25 минут хүлээдэг.

-Ийм байдал өдөр бүр гардаг уу?

-Өвөл хүйтэнд гадаа удаан зогсох их хэцүү. Ялангуяа бага насны хүүхдүүд, арван жилийн сурагчдад хүндрэлтэй байдаг байх.

-Энэ чиглэлд явдаг авто­бусны үйлчилгээ хэр байна?

-Үйлчилгээ нь тааруу. Өвөл цонх нь цантаад хаана явж байгаа нь мэдэгддэггүй. Жолооч, кондукторын зан харилцааны тухайд ярих ч юм биш. Их бүдүүлэг. Автобусан дотроо тамхи татна. Замын хөдөлгөөнд оролцож байж утсаар ярина. Уг нь кондуктор нь буудлаа зарлах ёстой шүү дээ. Хэдэн сарын өмнө автомат хариулагчаар буудлаа зарлаад овоо дориун байсан. Гэтэл Монголын хууль гурав хоног гэдэг шиг таг л болсон байна.

-Танай чиглэлийн автобус хэдэн цаг хүртэл явдаг вэ?

-Ажлын өдрүүдэд 06:45 цагийн орчимд эхний автобус ирдэг. Харин орой 22:00 цаг гээд л зогсдог юм. Амралтын өдрүүдэд бүр ч эрт зогсоно.

-Нийтийн тээврээр үйлч­лүүлэхэд хүндрэлтэй зүйл юу байна?

-Хүндрэлтэй зүйл олон байдаг. Тухайлбал, манай энэ чиг­лэлд явдаг автобус цөөхөн. Дээр нь зорчигч ихтэй. Тэгээд л чихэлдэж явдаг. Ингэж явахдаа утас, түрийвчээ хул­гайд алдах нь их байдаг. Мөн их хүйтэн байдаг учраас иргэдэд тух муутай. Тиймээс автобусны тоог нэмэгдүүлж, эрүүл аюулгүй орчинг хангаж өгөөсэй гэж хүсч байна.

Бид үдшийн 20:00 цаг өнгөрч байхад автобуснаас бууж гэрийн зүг явлаа. Толгойтын чиглэлд “М14”, “М4” гэсэн хоёр маршрутын тус бүр 18 автобус өдөр бүр үйлчилгээнд гардаг ч ачаалал ихтэй учраас үргэлж л хүмүүс нь чихэлдэж явдаг. Түүнчлэн зам халтиргаатай, бас түгжрэлтэй байдаг болохоор зорчигчдыг удаан цагаар хүлээлгэдэг байна.

О.МӨРӨН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж