2012 оны сонгуулиар Францын төрийн тэргүүн, Ж.Депардьэгийн талархан ханддаг социалист Николя Саркози ширээнээсээ шилжиж оронд нь Франсуа Олланд гарч ирэв. Шинэ Засгийн газар ширээгээ хүлээж авуутаа, нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээс 75 хувийн татвар авахаа зарлажээ. Үүнийг дуулсан чинээлэг олон франц хүн дургүйцлээ илэрхийлж, өөр оронд очиж амьдрахаа хэлсэн байна. Тухайлбал Францын тэргүүн баян Бернар Арно харъяаллаа солихоо мэдэгдсэн ч, энэ шийдвэр нь татварын шинэ хуультай холбоотой гэдгийг үгүйсгэсэн юм. Үүний дараа жүжигчин Ж.Депардьэ чинээлэг иргэдээсээ авдаг татвар нь 50 хувиас илүү гардаггүй Бельгид очихоо мэдэгдсэн бөгөөд хариуд нь ерөнхий сайд Жан-Марк Эйрогоос “арчаагүй нөхөр” гэсэн хатуу үг сонссон билээ. Энэ үгэнд нь уурссан алдарт жүжигчин ерөнхий сайдын өөдөөс мөн л хатуу үг шидэж “Амжилт, уран бүтээл, авъяасыг ад үздэг болохоор чинь би зайлж байгаа юм” хэмээн хэвлэлд нийтлүүлсэн ил захидалдаа бичээд, жүжигчин болсноосоо хойш улсад 145 сая евро төлснөө мэдэгдсэн юм.
Ингэж байтал Ж.Депардьэгийн хувь заяанд яагаад ч юм, Москва санаа зовж эхэлжээ. Хараад байхад энэ явдал хөгийн юмнаас эхэлсэн юм шиг байдаг. “Le Monde” сонинд бичсэнээр бол Ж.Депардьэ найзуудтайгаа хоол идэж суугаад Бельги, Черногор, Орос гурвын нэгнийх нь иргэн болно гэж ам алдсан бололтой. Түүний хэлснээр Бельгид хувийн байшин нь байдаг, Черногорт болохоор олон найзууд мөн бизнестэй, харин Оросын хувьд В.Путин өөрт нь “паспорт явуулсан” гэдэг. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ яриаг сэтгүүлчид сонирхож, нэн даруй Кремлиэс тайлбар хүсэв. Гэтэл В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ж.Депардьэгийн яриаг “Тоглоом байлгүй” гээд энэ талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн байдаг. Тэгтэл Чеченийн удирдагч Р.Кадыров гэнэт дуу шуу орж “Ж.Депардьэ Оросыг сонирхож байгааг би мэдэж байна. Иргэний харъяалал хүсч ч магадгүй байгаа. Хэрвээ түүнд Оросын паспорт олговол бид Чеченьдээ түүнд сод уран бүтээл хийх хамгийн таатай орчныг нь хангаж өгөхөд бэлэн байна” гэжээ. Ж.Депардьэ энэ талаар өөрөө юу бодож байгааг сэтгүүлчид тодруулж чадаагүй боловч В.Путинд асуулт тавьж амжив. “Жерар өөрөө Орост ирнэ гэж хүсвэл энэ асуудал бидний зүгээс бол нааштай шийдэгдсэн гэж үзэх хэрэгтэй” гэж В.Путин хариулсан байна. ОХУ-ын Цагаачлалын алба тайлбар хийхээс зайлсхийсээр байсан хэдий ч, жүжигчин өөрөө хүсэлт гаргавал асуудлыг яаралтай судлахад бэлэн байна гэв. Харин ерөнхий сайд Д.Медведев гал дээр тос нэмж, Ж.Депардьэг Орост урьж байгаагаа хэлээд, 13 хувийн орлогын албан татвар ОХУ-д ямагт хөдөлгөөнгүй байна хэмээн амласан юм.
12 дугаар сарын 27-нд Д.Медведевийг ийн хэлэх үед Ж.Депардьэгийн иргэний харъяаллаа солих асуудал сонин биш болох шахаж байв. Бельгийн эрх баригчид түүнээс ямар нэг хүсэлт хүлээж аваагүй байгаагаа мэдэгдсэн бол 29-нд Францын Үндсэн хуулийн цэц 75 хувийн татварыг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ. Засгийн газар татвар нэмэх асуудлыг нэг жилийн дараа дахин авч үзэх болсноор, Ж.Депардьэ энэ удаадаа нойртой хонож болохоор болсон юм шигээр хүмүүст санагдаж эхэлсэн байна. Гэтэл В.Путин Ж.Депардьэд иргэний харъяалал олгох зарлигт гарын үсэг зурсан мэдээ гэнэт тарах нь тэр. Үндсэн хуулийн 89 дүгээр зүйлийн “а”-д заасныг үндэслэн, 1948 онд Францад төрсөн Депардьэ Жерар Ксавьэгийн ОХУ-ын иргэн болох хүсэлтийг нь биелүүлсүгэй” гэсэн зарлиг Кремлийн вэбсайт дээр гурваны өдөр нийтлэгдэв. Үндсэн хуулийн 89-ийн “а”-гаар В.Путин улс төрийн орогнол хүссэн хүмүүсийн иргэний харъяаллын асуудлыг шийддэг бөгөөд 2000 онд Латвид цэргийн гэмт хэрэгтэн гэгдсэн Эх орны дайны ахмад дайчин Василий Кононов, 2004 онд Гүржийн иргэн, уран барималч Зураб Церетели мөн Бельгид амьдардаг А.Пушкиний удмынханд иргэний харъяалал олгож байв.
ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Дмитрий Рогозин Ж.Депардьэд харъяалал олгосныг дуулаад чинээлэг европчууд Орос руу тэмүүлэх нь нэмэгдэнэ хэмээн мэдэгдэв. “Манай татварын системийн талаар Барууныхан ойлголт муутай. Ойлгож авсан бол наашаа олноороо ирэх нь гарцаагүй” гэж тэрбээр твиттертээ бичжээ. Жилдээ нэг зуун тэрбум доллар гадагшаа гардаг Франц шиг орны хувьд Ж.Депардьэгийн хэдэн сая юу ч биш боловч шадар сайдын энэ үг олон хүнд Оросын татварын талаар “ойлголт авах” хүсэл төрүүлэх нь мэдээж. Гэхдээ л хүн тэмүүлээд байх ядаж таатай цаг агаартай бус энэ улсад тухайлбал “Rolling Stones” хамтлагийнхан нүүгээд ирэх нь юу л бол. Нөгөө талаасаа бол Ж.Депардьэтэй нэг улсын иргэн гэгдэх нь зарим хүнд таатай байх нь аргагүй. “Ерөнхийлөгч зөв зүйтэй гэсэн хүндээ иргэний харъяалал олгох эрхтэй. Харин Ж.Депардьэ өөрөө ийм хүсэлт үнэхээр гаргасан эсэх нь сонин байна. Уул нь Бельгийн иргэн болно гэж байсныг нь бид мэднэ. Гэхдээ л энэ хүн дэлхийн хэмжээний алдартан болохоор манай Оросын иргэн болж байгаа нь таатай л байна” гэж Москвагийн Хельсинкийн бүлгийн тэргүүн Людмила Алексеева хэлжээ.
Гэхдээ В.Путины шийдвэрт баярлаагүй хүмүүс ч бас байна. Тэдний нэг, Ж.Депардьэтэй нэг салбарын зүтгэлтэн, жүжигчин, найруулагч Станислав Говорухин бусдаасаа илүү шулуун шударга дуугарсан байна. “Дахиад л нэг архичинтай боллоо. Гадаадынхныг долоочих гээд байдаг манайхны занд би дургүй. Ер нь бол заль л юм даа. Тэр хүн Москвагийн дэлгүүрт маньтай хамт дугаарлаад зогсохгүй нь тодорхой. Тэрний яаж амь зуух нь маньд ямар пад байна аа” гэж тэрбээр хэлжээ. Харин архи ханхлуулаад, мотоцикль тачигнуулж явах нь бараг хориотой байдаг Чечень улсын тэргүүн Р.Кадыров Ж.Депардьэг Грозныйд дахин урив. Кавказынхны зочломтгой зангаар тэрбээр “Бид баяртай хүлээж авна!” хэмээн твиттертээ бичсэн байна. Киров мужийн амбан захирагч Никита Белых “Алдарт жүжигчнийг мужийнхаа хамгийн сайхан районд бүртгэж авмаар байна” гэжээ. Цаашид ч ийм урилга хөврөх бололтой. Оросууд бас нэг алдартантай болов уу, архичинтай болов уу гэдгээ төд удалгүй мэдэх биз ээ.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин