Хэт намчирхал ба Монголын эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Хэт намчирхал ба Монголын эмгэнэл

“Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж,  эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая”. Энэ бол эмчийн тангараг. Эмч хүн ийм тангараг өргөдөг. Ингэж тангарагласан эмч санаатайгаар хүний аминд хүрсэн тухай дуулдах боллоо. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Зүүнхангай сумын эмч улстөржин, хүүхэд үзэхээс татгалзсанаас болж нэг сартай бяцхан хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй  амиа алджээ. Хүүхэд үзэхээс татгалзсан тэр эмч орон нутгийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан нэгэн гэнэ.

Сумдад намчирхал, улстөржилт газар авсан нь өвчтэй хүүхэд очиж үзэхээс татгалзсан дээрх эмчийн жишээнээс харагдаж байна. Хоёр мянга хүрэхгүй хүн амтай сумынхан хоорондоо улс төрийн үзэл бодлоосоо болж  маргалдан, уриа лоозон барьж жагсаал цуглаан зохион байгуулж буй тухай инээдэмтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр мэдээ дуулддаг. Жагсаал, цуглааныг зохион байгуулагчид нь олонх тохиолдолд сумандаа л сэхээтэн хүмүүс буюу эмч, багш нар байх. Тэдний хөлд жирийн ардууд, малчид үрэгддэг хөөрхийлөлтэй байдал манайд нүүрлэсэн. АН-ын үзэл бодлыг дэмждэг эмч МАН-ын гишүүнийг үзэхгүй гэнэ. Эсвэл МАН-ын үзэл бодлыг дэмждэг эмчтэй суманд эмч нь АН-ын гишүүнийг очиж үзэхгүй гэнэ. Дуудлага өгөөд байхад улс төрийн үзэл бодлоосоо болж дуудлаганд очихгүй, нөгөө хүн нь аргаа бараад аймгийн төв рүүгээ явж эмнэлэгт хандаж, тусламж авах жишээтэй.  Багт байдал бүр эмгэнэлтэй. Дарга нь МАН-ын, харин эмч нь АН-ын гишүүн Ховд аймгийн нэгэн сумын “Бургасан” гэдэг багаар жишээ татья. Дөрвөн жилийн өмнө томилолтоор явж байгаад тэрхүү багийн хуралд суух завшаан тохиосон юм. Багийн иргэд маш ширүүн хуралдсан. Хөндсөн гол асуудал нь малчид эмнэлгийн тусламж авч чадахгүй, хохирч буй тухай байлаа. Малчид “Эмч дуудлага өгөхөөр ирэхээ больсон. Яагаад ирдэггүй учир шалтгаанаа багийн даргаас болж байгаа гэдэг. Энэ ямар учиртай юм бэ” гэж ширүүхэн шүүмжлэхэд эмч залуу хээвнэг босоод “Багийн дарга ажиллах боломжоор хангахгүй байгаа. Амьдрах гэр, дуудлаганд явах унаа гаргаж өгөхгүй байна. Ширээ сандал ч байхгүй нэг  хүйтэн, хөндий өрөө багийн төв дээр байдгийг та нар мэднэ. Би тийм өрөөнд яаж сууж ажиллаж, хүн үзэж, үзлэг хийх юм. Тиймээс сумын төвд, гэртээ байхаас өөр арга алга” гэсэн хариулт өгч байв. Харин багийн Засаг дарга эмчийг ажлаа хийх сонирхолгүй, хэт намчирхаж асуудалд ханддаг. Унаа морь гаргаж өгсөн, энэ нөхөр худлаа ярьж байна гэх маягийн хариу  барилаа. Багийн эмч сумын төв дэх гэртээ байдаг болохоор багийн иргэд нь яаралтай дуудлага өгөхөд хоёр гурван хоногийн дараа нэг юм очдог. Заримдаа утсаар юу нь   яаж өвдөж байна гэж асуугаад, хүнээр эм дайх маягаар ажлаа хийдэг гэнэ. Багийн хурал дээрээ үг хэлсэн малчдын ярианаас ингэж ойлгогдсон.  Хурлын төгсгөлд малчид “Багийн Засаг дарга, эмч хоёр нэг намын хүмүүс баймаар юм байна” гэсэн дүгнэлт хийгээд тарцгаасан. Хэт намчирхал, улстөржилт нь ард иргэдийн өдөр тутмын ажил, амьдралд ингэж л хортойгоор нөлөөлж, уршиг тарьж байна. Ер нь сумдын намын салбарыг татан буулгавал зохилтой юм шиг. Тэгэхгүй бол манай нам, танай нам гэж талцсан, хагаралдсан  хэдэн хүний хэт намчирхал, хийрхэл малчдыг  сөхрүүлж мэдэх нь.  Намчирхсан эмчээс болоод хүүхэд амиа алдана гэдэг үнэхээр эмгэнэлтэй. Нэртэйгээр нь АН-ын, МАН-ын, МАХН-ын эмчтэй болчихоод нам намынхаа хүмүүсийг үзэж байна гэсэн хууль гаргадаггүй л юм бол улс орон даяараа намчирхдаг энэ балай зүйлээ жаахан цэгцлэх хэрэгтэй болсон юм шиг ээ. Одоо бүр дэндэх нь байна. Өвчтэй хүн үзэхдээ хүртэл нам хардаг болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Магадгүй, дахиад ийм асуудал гарч таарна. Мэдэгдэхгүй л өнгөрч байгаа болохоос өмнө нь хэд ч гарсан юм билээ, бүү мэд. Намын ажил ингэж ард иргэдийн амьдралд нөлөөлдөг байж таарахгүй байх. Ер нь цаашид намчирхсан, улстөржсөн эмч нарыг ажлаас нь халж байвал зүйтэй санагдлаа. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулна гэж тангараг өргөсөн л юм бол нам харгалзаж эмчилгээ хийдэг гажиг байдлыг таслан зогсоох хэрэгтэй болов уу. Увс аймгийн Зүүнхангай суманд хүүхэд үзэхээс татгалзсан тэр эмчийг ажлаас нь халж, намчирхдаг бусад эмч нарт сануулга болгох нь зүйтэй санагдсаныг эцэст нь тэмдэглэе. Эмч нар ингэж улстөржихөөр энэ улс оронд юу болох вэ. Ард иргэд хэнд хандаж, хаанаас эмнэлгийн тусламж авах юм бэ.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж