Д.Батцогт: Гишүүд шалгаж болдоггүй хүмүүс биш

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Д.Батцогт: Гишүүд шалгаж болдоггүй хүмүүс биш

УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Парламент шинэ оны эхний өдрийнхөө хуралдаанаас ирц бүрдэхгүй, сөрөг хүчин нь хурлаа хаяж гарсан байдалтай байна. Таны хувьд тэр бүр таслаад явдаггүй гишүүдийн нэг. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-МАН-ынхан Ерөнхий сайдад намын бүлэг дээрээ мэдээлэл хийж байх хүсэлт гаргасан юм билээ. Харин Ерөнхий сайдын зүгээс чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулъя гэж үзсэн байна. Үүнээс болж л сөрөг хүчнийхэн хурлаа хаяж гүйгээд байгаа бололтой юм. Ерөнхий сайдын хийх мэдээллийг сонсоход сөрөг хүчин болсон МАН-д илүүдэхгүй л санагдаж байна. Засгийн газрын тэргүүн хийж буй ажлынхаа талаар гишүүдээ мэдээлэлтэй байг  гэж л ажлаа тайлагнаж байгаа байлгүй. Түүнээс биш ямар нэгэн асуудал шийдүүлэх гээд байгаа  биш. Засгийн газар юу хийж байгааг хянаж , санал нийлэхгүй бол ташуур нэмж байх нь сөрөг хүчний үүрэг. Н.Энхболд дарга Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийх нь тодорхой хууль дүрмээр зохицуулагддаг гэж байна. Гэтэл УИХ-ын дарга тийм зүйл байхгүй гэсэн байдалтай байлаа. Ер нь энэ хоёр нам аливаа асуудалд улстөржсөн, намын өнцгөөс хандахаа болих хэрэгтэй байна. Улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр асуудалд хандаж, нэг нэгнээ сонсч байх хэрэгтэй л дээ. Гэтэл энэ хоёр нам ямар ч юмыг хоёр талынх нь үзүүрээс барьчихаад мушгиад байна.

-МАН-ынхан дан ганц Засгийн газрын тэргүүнийг биш гишүүдийг нь ч тодорхой давтамжтайгаар бүлгийн хуралдаанд мэдээлэл хийж бай гэсэн хүсэлт гаргаад байгаа шүү дээ. Энэ сөрөг хүчний зүгээс зүй ёсны шаардлага биш гэж үү?

-Ер нь бүлгийн хуралдаанд тухайлсан асуудлаар мэдээлэл хийж болно л доо. Гэхдээ Улсын Ерөнхий сайдаа намын бүлэг болгон дээрээ дуудаад мэдээлэл хийлгээд байна гэвэл хаашаа ч юм. Ерөнхий сайд өөрөө тухайн намын гишүүдэд ямар нэгэн хууль дүрмийг тусгайлан ойлгуулъя гэсэн зүйл байвал болно. Тэгэхгүй, заавал манай бүлэг дээр мэдээлэл өгөх ёстой гэсэн нээнтэг маягаар асуудалд хандаж байгаа бол буруу.

-Ерөнхийлөгчийн санаачлан өргөн бариад байгаа УИХ-ын тухай хуульд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хоёр заалт оруулж ирсэн. Гэтэл үндсэн хуульдаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гээд заачихсан байхад заавал УИХ-ын гишүүнд зориулж тусгайлсан хууль гаргах гээд байгааг нь шүүмжлэх хүмүүс ч байна?

-УИХ-ын гишүүний халдшгүй байдал гэж манайхан их ярьдаг. Ярьсаар ч ирсэн. Тухайн үед нь би шүүмжлэлтэй хандаж байсан. УИХ-ын гишүүн гэдэг бусадтай л адилхан шалгагдах үедээ шалгагдаад л явна. Энэ бол буруу гэдэг л байлаа. Ер нь УИХ-ын гишүүнээр соногогдчихоод амласан амлалтаа биелүүлэхгүй, ард түмнээ хуурч, таг мартчихдаг нөхдийг эргүүлэн татах ёстой. Уг хуульд тусгасан шиг шууд мөрдөн байцаагч УИХ-ын гишүүнийг шалгаад буруутайг нь тогтоовол прокурор УИХ-д түдгэлзүүлэх санал оруулах нь зарчмын хувьд зөв байх. Нөгөө талаас мөрдөн байцаагч шууд УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлээд байна гэхээр бас улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс эхлээд сөрөг тал байж мэднэ. Тиймээс бусад хоёр дахь заалтыг нь хасах саналтай байгаа. Түүнээс биш УИХ-ын гишүүн гэхээрээ л шалгаж болдоггүй дархлагдсан хүн байж болохгүй шүү дээ.

-Энэ хуулийн төслийг тодорхой хүмүүст зориулагдсан гэх яриа байна. УИХ-д хууль шүүхийн асуудалтай ганц биш хүн байгаа шүү дээ?

-Яг тийм талаас нь бодож байсангүй. Үнэхээр буруутай бол энэ хуультай хуульгүй л эрх нь түдгэлзэнэ шүү дээ.

-Танай эвслээс оны босгон дээр Ц.Оюунбаатар гишүүн тангараг өргөлөө. МАХН-ынхан үүнд дургүйцлээ илэрхийлж бүлгийнхээ хуралдаанд ч оролцохгүй байгаа гэсэн яриа байна?

-Болох ёстой зүйл боллоо л гэж бодож байна. Харин ч оройтож өргөлөө. Түүнээс биш гурван хүний намын харьяаллаас татгалзсан асуудал зөв байсан уу, буруу юу гэдэг тусдаа асуудал. Яг сонгуулийн үед намын нэрсийн жагсаалтад хэн байсан бэ гэдэг ямар ч хүнд ойлгомжтой асуудал.

-Бондынхоо мөнгийг хэрхэн зарцуулахаас эхлээд парламентын өмнө олон чухал ажил байна. Танай эвслийн зүгээс ямар ямар асуудалд илүү анхаарал хандуулья гэж бодож байна. Хувь гишүүнийхээ хувьд ч бодсон санасан зүйл байгаа л байлгүй?

-Ер нь бондын хөрөнгийг зарцуулахаар гаргаж тавьсан санал санаачлагуудад маш зөв зүйтэй олон санаачлага байгаа. Эргээд хурдан мөнгө олдог салбар руугаа эхний ээлжинд хөрөнгө оруулах нь зөв юмаа гэсэн зүйлийг хэлээд байгаа. Засгийн газрын эдгээр саналуудыг харгалзаж үзэж, дэмжиж ажиллах нь зөв гэсэн байр сууринаас хандаж байгаа. Бид бондоос босгосон мөнгөө хамгийн гол нь үрэн таран хийчихгүй л байх хэрэгтэй. Үр дүнтэй зөв ашиглах ёстой. Харин үүнд хайнга хандаж, алдаа эндэгдэл гаргаад улс, ард түмнийг хохироовол хариуцсан хүмүүст хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёсой. Бид хариуцлагатай  аливаа асуудалд нухацтай ханддаг байх хэрэгтэй. Тиймээс бондын зарцуулалтын асуудлыг УИХ дээр ярьж шийдвэр гаргах ёстой гэж би үзэж байгаа. Засгийн газар дангаараа мэдэх биш УИХ-аар  хэлэлцүүлэх ёстой.

-Бондын зарцуулалтын бодлогын зөвлөл байгуулсан гэсэн. Энэ зөвлөлд сөрөг хүчний төлөөллийг оруулах ёстой гэж байсан. Танай эвслээс хүн бий юу?

-Яагаад тэнд сөрөг хүчний дуу хоолой байж болохгүй гэж. Улс орны амин чухал асуудал шийдэгдэж байхад хяналт чухал шүү дээ.

-Тэгэхээр бондын өр 30 цэцэрлэг барих хэмжээний болоод байгаа гэсэн мэдээллийг МАН-ын бүлгээс мэдээлсэн. Одоо даруйхан л эргэлдүүлэхгүй бол хоног хоногоор өр нэмэгдээд байна гэсэн айдас байх шиг?

-Ер нь асуудлыг мушгиж гуйвуулаад байвал яаж ч тайлбарлаад байж болно. Мөнгөгүйгээр Монгол Улс юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Ямар ч хүн, компани бизнес хийхийн тулд банкнаас зээл авдаг, тэр нь хүүтэй байдаг. Яг л үүнтэй адилхан асуудал байхгүй юу. Бондынх нь хүү өсөөд, юм хийхгүй байна гэж тайлбарлаад байна. Тэртэй тэргүй хүүг нь төсөлд нь шингээгээд өгнө шүү дээ. Түүнээс биш сөрөг хүчнийхний зүгээс хэлээд байгаа шиг айхтар болохоо байчихсан зүйл байхгүй.
 
-Төрийн нууцын жагсаалтыг намрын чуулганд багтаж шинэчлэн батална гэж байгаа. Энэ хууль маш эрт батлагдсан, нууцад хамруулж буй зүйл нь хэтэрхий олон болохоор шинэ Засгийн газрын нээлттэй ил тод, шуурхай байх зарчимд харшилж байна гэж АН мэдэгдэж байсан. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Төрийн нууцын жагсаалтад ямар зүйлсийг шинээр оруулж ирэх гэж байгаа нь сонин.

-Аймгийн Засаг дарга нарыг батламжлах асуудалд ерөнхий сайдыг ялгамжтай хандаж байна гэж байгаа. Намчирхсан байдлаас хандаж байгаа бол та хэрхэн харах вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдад аймгийн Засаг дарга нарыг батламжлах, шаардлага хангахгүй гэж үзсэнээ буцаах эрх нь хуулиараа олгогдсон. Нам талаас нь хараагүй байх гэж бодож байна. МАН ялсан газар нэг Засаг даргыг нь буцаавал дахин өөр хүн дэвшүүлэн батламжлуулах эрх нь байж л байгаа шүү дээ. Улс төржсөн, намчирхсан байдлаас хандаагүй, өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ тухайн хүнийг аймгийн Засаг даргад нийцэхгүй гэж үзсэн бол зүй ёсны л шаардлага.

Ч.БАТМАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж