Арьсан цүнх, савхин хүрмээр гоёдог болвол зүгээр л юм

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Арьсан цүнх, савхин хүрмээр гоёдог болвол зүгээр л юм

Монгол
Улс нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд эхний аравт жагсдаг гэсэн
судалгаа бий. Тэгсэн хэрнээ нийслэл хотын гудамжаар алхах иргэдийнх нь
дунд нэхий дээл, савхин хүрмээр гоёсон хүн өдрийн од шиг цөөн. Дээрх
үзүүлэлтээр бол хүн болгон цэвэр арьсан цүнх, ширэн гутал, нэхий,
ноолуур савхиар гангардаг баймаар. Гэтэл эсрэгээрээ өмнөд хөршийнхөө
“зөвхөн монголчуудад” гэж урласан чанар муу, хиймэл зах, таримал дотор,
төмөр тоногтой хүрмээр гоёдог. Эдгээр нь хэд угаасны дараа сэмэрч,
ханзран хүний өмнө өмсөхөөс санаа зовмоор болдог. Үүний цаана мэдээж
эдийн засгийн буруу бодлогын уршиг нуугдаж буй. Яагаад төрийн зүгээс зөв
бодлого явуулж өвөг дээдэс, хөх тэнгэрийнхээ хишгээр заяагдсан таван
хошуу малынхаа түүхий эдээр Монголоороо овоглосон брэнд бий болгон,
дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний чанар, нэр хүндтэй бүтээгдэхүүн
үйлдвэрлэж болохгүй гэж.

Уг нь манай улс жилд бод, бог малын нийт 10
гаруй орчим сая ширхэг арьс, шир бэлтгэдэг юм билээ. Түүнийхээ зөвхөн
25.8 хувийг нь л дотоодын үйлдвэрлэгчид боловсруулдаг гэсэн. Уг нь
бүгдийг нь боловсруулан, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол гурван сая
хүрэхгүй хүн амтай монголчууд ориг эдлэлээр “нүдээ гартал” гоёж,
үлдсэнийг нь экпортлоод баяжаад баймаар санагдаад байгаа юм. Гэтэл тэгэх
нь бүү хэл өнөөх дотооддоо боловсруулсан цөөн арьс ширнийхээ 40 орчим
хувийг нь барууны зарим орон руу экспортолдог гэнэ. Үлдсэн 60 хувийг нь
дотооддоо бэлэн бүтээгдэхүүн болгон гаргадгийн  ихэнх нь цэрэг, цагдаа,
онцгой байдлыннхны албаны дүрэмт хувцас, гутал, савхин бээлий, цүнх
болдог юм билээ.

Нөгөөтэйгүүр өнөөх нийт бэлтгэгдсэн арьс ширнийх нь
74.2 хувийг нь өмнөд хөршийн баян “ченж” нарын гарт атгуулдаг байна.
Тэгэхдээ анхан шатны боловсруулалтыг нь өөрийн улсдаа хийлгэж, хэрэггүй
үс, хялгасыг “Хром” гэдэг хортой нь авч үлддэг мөн ч “шилдэг” бодлоготой
орон шүү. Ашгийг нь ченж ах нар авч, ард нь арав тавхан цаас, арьс шир
зумалдаг хор хоёртой нь монголчууд хоцордог гээд бод доо. Үүнд мэдээж
өөрчлөлт хэрэгтэй.

Харин саяхан УИХ-аас “Засгийн газраас үнэт цаас
гаргахыг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн баталлаа. Тус хуулийн
төсөлд арьс ширэн түүхий эдээр нэмэгдсэн өртөг шингэсэн, импортыг орлох,
экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын
байрыг нэмэгдүүлэх зорилгоор 200  орчим тэрбум төгрөгийн бонд гаргахаар
тусгасан. Ингэхийн тулд арьс ширний үйлдэрүүдэд түүхий эдээ худалдан
авах, технологийн шинэчлэл хийх, жижиг, дунд үйлдвэрүүдийг дотооддоо
боловсруулсан арьсан бүтээгдэхүүнээр хангаж байхад нь зориулж зээл
олгодог байхаар тусгаж өгсөн юм. Уг нь манай улсад жижиг том нийлсэн
нийт 30 орчим арьс шир боловсруулах, 70 гаруй бэлэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг үйлдвэр байдаг юм билээ. Харамсалтай нь тэд түүхий эд
бэлтгэлийн үеэр мөнгө байхгүйгээс гар мухардан хамаг л арьс, ширээ
мөнгөтэй “чинж”-үүдэд алддаг гашуун зовлонтой аж. Түүнээсээ болж тус
үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй жилд дор хаяж зургаан сар
сул зогсдог гэж байгаа. Тиймээс энэ хуулийг гууль болголгүй, бондоо
амжилттай арилжаалж энэ ажлыг эхлүүлж чадвал “Атарын III аян”-ны амжилт
давтагдахгүй гэх аргагүй юм. Буудайгаа багтаахаа байсан Монгол Улс,
арьсан бүтээгдэхүүндээ хахаж суухад болохгүй гэх зүйлгүй шүү дээ.

Энэ
хуульд бас нэгэн чухал хөшүүргийг оруулж өгсөн нь малчдад олгох арьс,
ширний урамшуулал. Арьс ширний үйлдвэрлэлээ хөл дээр нь зогсоон,
хөгжүүлэхийн тулд арьсаа алдахгүй байх нь хамгийн чухал гэдгийг олж
харсан чухал заалт гэж үнэлэх хүн ч цөөнгүй байгаа. Хуульд “Үндэсний
үйлдвэрүүддээ тушаасан бог малын нэг ширхэг арьсыг 3000, бод малын нэг
ширхэг ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгож байх”-аар тусгасан.
Үүнийг сонссон малчид “40 мянгаар өгөх ширээ 15 мянгаар өгнө гэж юу
байхав” гэж халаглаж сууна гэнэ. Уг нь өнөөдрийг биш өчигдрийг хардаг
өвгөдийн ухаанаар бол үр хүүхэд, эх орныхоо ирээдүйг бодож хүний нохойд
биш өөрийн нохойдоо идүүлэх нь зөв гэж санагдаад байгаа юм.

Хууль
тогтоогчдын хэлж буйгаар хэрэв энэ хууль хэрэгжиж, эрхэм гишүүдийн
төлөвлөснөөр болвол 2016 он гэхэд энэ салбарт ажиллагсдын тоо 25 мянгад
хүрч, 1.01 ихнаяд төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 600 тэрбум
төгрөгийн экспорт хийх боломжтой юм гэсэн. Ийнхүү мал аж ахуйн орон
хэмээн цээжээ дэлддэг хэрнээ өмнөд хөршийн өгөршсөн даавуугаар гоёдог
жишгээс салах алхмыг парламентын гишүүд эхлүүллээ. Ажил болох эсэхийг нь
цаг хугацаа л харуулах байх. Уг нь монгол хүн бүр арьсан цүнх, савхин
хүрмээр гоёдог болвол мөн зүгээр ээ.

Ч.БАТМАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж