Малчдаа биш ченжүүдээ урамшуулчих вий

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Малчдаа биш ченжүүдээ урамшуулчих вий

Үндэснийхээ үйлдвэрүүдэд  арьс, шир тушаавал урамшуулал авах сургаар малчид харамсч, ченжүүд баярлаад байгаа юм биш үү.  Хятад эзний мөнгө халаасалсан ченжүүд нийслэл рүү  орох замыг бүсэлчихсэн байгааг хүмүүс ярьж байна. Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн түүхий эдийн зах дээр баруун зүүнээс орж ирсэн арьс, ширийг хуу цөлмөөд авчихсан гэж яригдаж байна. Баянзүрхийн товчооноос эхлээд Амгалан хүрэх зам дагуу тэсгим хүйтнийг  үл анзааран дэргэдээ арьс давхарлан хураасан хүмүүс зогсож л байна. Үүнийг үндэсний үйлдвэр, нөгөө ченжүүдийн хэн нь авч байна гэж ойлгох вэ. Мал тооллогоос урьтан идшээ хийж ченжүүдэд түүхий эдээ тушаачихсан малчид харамслаа гээд яах вэ.  Нэг өрх сайндаа л гурван бод, 10 бог нядалж байгаа. Түүнийх нь арьсыг амташсан ченжүүд аль хэдийнэ хамчихсан байгаа.  Оны өмнөхөн УИХ-аас  Засгийн газарт “Хүний хөгжил сан”-г санхүүжүүлэх хүрээнд  бонд гаргах эрхийг өгсөн.

Үндэсний үйлдвэрээ дэмжиж малчдаас малын арьсыг үйлдвэрт тушаалган  урамшуулал олгохоор боллоо.Малчдад ихээхэн боломж  бүрдлээ гэх боловч өнөөдрийн байдлаар тэдний гар дээр арьс шир байгаа эсэх нь тодорхойгүй. Ямаанд, ноосонд мөнгөн урамшуулал олгосон бол одоо малаа нядалж арьс ширийг нь тушаавал чамлахааргүй мөнгө атгах болоод байна. Удахгүй сүүнд урамшуулал олгоно бизээ. Таван ямааны арьс бариад ирэхэд 15000 төгрөг авах нь байна. Засгийн газар арьс, шир боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдэд  140 тэрбум төгрөг олгохоор болжээ.

Үүнээс 13-ыг нь байгальд ээлтэй технологид, 110-ыг нь эргэлтийн  болон үндсэн хөрөнгөд, хоёрыг нь хаягдал боловсруулахад, үлдсэн 15 тэрбум нь эцсийн үлдэгдэл гэнэ. Малчдын үндэсний үйлдвэрт тушаасан арьс, ширэнд урамшуулал олгосноор түүхий эдээр гачигдахгүй болох нь ээ. Ухаандаа ченжүүд малчдаас үнэ цохиж арьс шир цуглуулдгийг зогсоох гэсэн арга аж. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд хангалттай түүхий эдийн нөөцтөй болно гэж тооцжээ. Зарим эдийн засагчид санаа нь зөв боловч энэ оны хувьд даанч хожуу гарсан бодлого гэж байна.

Манай малчид  арван­нэгдүгээр сард багтаан малаа нядалж арьс ширийг нь хүүхдүүддээ таван төгрөгийн нэмэр гээд тушаачихдаг. Хэзээнээсээ монголчууд ес эхэлснээс хойш мал турдаг учир нядалгаа хийдэггүй уламжлалтай.  Үүнийг ҮХАА-н сайд Х.Баттулга мэдэхгүй баймааргүй. Тэрбээр ”Нэг, хоёрдугаар сард ч мал  нядалгаа хийдэг. Тиймээс арьс, шир малчдын гарт байх боломжтой” гэж УИХ-ын чуулганы хуралдаан дээр таамаг төдий юм хэлээд авна билээ.  Улсын хэмжээнд олон аймаг сум зудын байдалд байгаа энэ нөхцөлд малчид арьс, ширээ хадгалаад байна гэдэг юу л бол.  Хаа холын баруун аймгуудын малчдаас арьс, шир цуглуулж Улаанбаатарт авч ирнэ гэдэг тун бэрх. Манай улс 50-иад сая малтай гэх боловч олон арваар нь нядлаад байх айл өрх тийм ч олон биш. Арьс, ширний үйлдвэрүүдэд энэ их эргэлтийн хөрөнгийг олгосноор ямар амжилтад хүрэх талаар ҮХААЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын мэргэжилтэн Д.Амар­жаргалаас тодрууллаа. Тэрбээр “Манай улс жилдээ 10 орчим сая арьс, ширний түүхий эдийн нөөцтөй. Энэ нь мөнгөн дүнгээр 150 орчим тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Үүний 20 орчим хувь нь улсдаа үлдэж, 80 хувийг хятадууд худалдаж авч байгаа. Манай үндэсний үйлдвэрүүд 25 хувь буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эд авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад, гадна худалдаачид 120 тэрбум төгрөгөөр худалдан авч байна. Бид анхан шатны боловс­руул­сан байдлаар экспортод гаргаж 800 тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болом­жоо алдаж байна” гэж хэлсэн юм. 

Оны өмнөх байдлаар бог малын арьс 6000 төгрөг, бодын шир 15000-30000 төгрөг хүрээд байсан. Өнөөдрийн байдлаар малчид өөрсдөө үндэсний үйлдвэрт арьс, ширээ авч ирж тушааж чадахгүй нь тодорхой боллоо. Тэгэхээр ченжүүдийн тушаасан түүхий эдэд урамшуулал өгөх болоод байгаа юм биш үү. Арьс, шир худалдаж авдаг ченжүүдийн ажил зогсоход үнэ унаж мэднэ. Тиймээс одоогийн дээрх ханшаас 50 хувиар унана гэж бодын ширийг 15000, бог малын арьсыг  3000  төгрөгөөр урамшуулах гэж байна. Энэ удаад  Засгийн газар мөнгөтөй хүн шиг загналаа. Малчдад олгох урамшууллын мөнгийг 2013 оны төсөвт тодотгол хийж, дараагийн жилүүдэд нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг шууд тусгана гэж үзжээ. Түүгээр ч зогсохгүй бондын хүүг долоон хувиас хэтрүүлэхгүй гэж заажээ.  Одоогоор малын арьс, шир боловсруулдаг үйлдвэр хэд байгаа нь тодорхойгүй. Үүнд Италийн хөрөнгө оруулалттай ганц үйлдвэрийг онцлоод байгаа юм билээ. Мөн “Дархан нэхий”, “Дархан минж” үйлдвэрүүд олон сая нэхий боловсруулах хүчин чадалтай байгаа гэсэн. Харин нэхийгээ ченжээс авах уу, малчдаас авах уу гэдэг нь бүрхэг болоод байна. 

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хятад эзэнтэй арьс,шир боловсруулах хэд хэдэн үйлдвэр бий. Тэдний хаягдал Туулын усыг бохирдууллаа гэж олон жил яригдсан. Энэ удаад нэг олзуурхууштай юм нь арьс, ширний үйлдвэрүүдэд шинээр суурьшлийн бүс тогтоож, хотоос  гаргахаар болсон гэж яригдлаа. Малчдаа урамшуулж үндэсний үйлдвэрүүдээ дэмжих гэдэг нь зөв бодлого  боловч  хожуу ухаарч цаг алдсан. Мал нядаллаа гэхэд хайлж турчихсан махыг хэн авах вэ дээ гэж малчид ярьж байна. Эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд авах тэр 110 тэрбум төгрөг эзнээ олоосой билээ.  Харин энэ байдлыг ченжүүд овжин ашиглаж, болохгүй юм байхгүй гэдэг шиг малчдаас урьтаад өөрсдийгөө дэмжүүлчихсэн байхыг  үгүйсгэхгүй. Үндэсний үйлдвэрүүдээ босгох нэрээр малчиддаа урамшуулал олгох боллоо гээд хөдөөгөөс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хөл алдах малчид хэр олон байх болдоо.

Н.ЛХАГВАСҮРЭН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж