О.Магнай. Магнай шиг хүн олон байдаг бол “социализмыг байгуулах ч амархан байна”
гэсэн магтаалын хачир болгон ганц нэгэн санааг хов болгон хүргэхээр шийдлээ.
Түрээслүүлэгчдийн түрэмгийлэл
Шинэ оны оргилуун дарсны хөөс шиг оргилон буцалж буй зүйл
бол худалдаа үйлчилгээний газруудын түрээсийн төлбөр. 2013 оныг “Түрээс
нэмэгдүүлэх жил” болгон зарлав уу гэлтэй дуу дуугаа аван төлбөрөө нэмэгдүүлж
эхэлжээ. Сарын түрээсийг метр тутамд
хамгийн багадаа л 30-50 мянган төгрөг, цаашлаад 20-30 хувиар нэмэгдүүлсэн
шалтгаанаа харин тайлбарлах түрээслүүлэгч олдохгүй байгаа талаар худалдаа
үйлчилгээ эрхлэгчид гомдоллож байна. Цахилгаан дулааны үнэ өсөөгүй, байр
савандаа засвар үйлчилгээ хийгээгүй хэр
нь түрээсийн төлбөрөө нэмсэн худалдааны төвийн түрээслэгч нар “шатахууны үнэ нэмэгдсэнээс л боллоо” хэмээн
хошигнож сууна. Чухам ямар шалтгаанаар түрээсээ нэмэгдүүлж байгааг лавласан түрээслэгчдийг
“Таалагдахгүй бол гар. Ард чинь лангуу ажиллуулах гэж дугаарласан хүн олон
байна” гэдэг үгээр ташуурддаг түрээслүүлэгчдийг хазаарлах ямар ч дүрэм журам, хууль
тогтоол одоогоор алга. Тэд амандаа багтсан үнэ хэлж, шаардлага тавьж байна. Лангуу,
талбайгаа түрээслүүлэхдээ 1-3 сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа авч
түүнийгээ хичнээн л бол хичнээн сар, жилээр нь эргэлдүүлнэ. Дуртай үедээ
гэрээгээ цуцална. Одоогоор хамгийн өндөр түрээстэй газарт ТЭДИ төв, Сарны титэм, Гранд плаза орж
байна. Тэнд түрээслэгч нар метр тутамд
130-300 мянган төгрөгийн түрээс төлж байгаа болохоор хэрэглэгчид
боломжийн үнэтэй гар утас барьж, гоёж гоодох тухай мөрөөдөх ч хэрэггүй байгаа
биз. Хүнсний дэлгүүрийн хувьд ч ялгаагүй. Түрээслүүлэгчдээс гадна
үйлдвэрлэгчдийн аманд багтан ажилладаг ажээ. Шинэ оны эхнээс л “Өгөөж”, “Хаан
бууз” зэрэг зарим үйлдвэрүүд бүтээгдэхүүний үнэ ханшаа нэмнэ хэмээн мэдэгджээ. Хүмүүс
тэр бүр мэддэггүй ч хүн бүхний амьдралд далдаас нөлөөлж байдаг түрээсийн асуудлыг Эрх чөлөөг
хэрэгжүүлэгч намын дарга С.Төмөрсүх тэргүүтэн нэг хэсэг хөндөж байсан ч сонгуультай хамт замхарсан. “Хүчит
шонхор”-ынхны суултын үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар анхаарахаа амласан
ч таг чиг. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай энэ
асуудлыг хараандаа авах биз ээ.
Шинэ, хуучин дэвсгэртийн зөрүү
Эзэгтэй нар шинэ онтой шил дараад цагаан сарын бэлтгэлдээ
оржээ. УИХ-ын эмэгтэй гишүүд ч үүнийг батлах мэт цаган сарын бэлгийн талаар
асуудал хөндөөд эхлэв. Цагаан сарын сургаар арилжаа наймаа, худалдаа үйлчилгээ,
гадаад валютын үнэ ханштай зэрэгцэн монгол төгрөгийн ханшид ч ялгаа гарч
эхэлдэг. Монгол банкнаас бэлэн мөнгөний зузаатгалд гаргадаг шинэ дэвсгэртийг ердийн
ханшнаас нь 20-30 хувь нэмэгдүүлэн арилждаг ченжүүд ажлаа эхэлжээ. Нийлүүлэлтийг
нь нэмэгдүүлсээр байтал ханш нь өсдөг зах зээлийн хуультай харшилсан шинэ
дэвсгэртийн бизнесийг хязгаарламаар. Банкуудад танил талтай нэгний хэсэгхэн
зуурын ашиг олох сонирхол цагаан сараа буслын дайтай тэмдэглэх гэсэн эгэл
иргэдийн халаасыг тэмтэрсээр ирснийг Магнай даргад хов болгон хүргэхэд илүүдэх
юун.
Д.ЦЭЭПИЛ