ЗД-ын үүрэг гүйцэтгэгч тавих нь хууль зөрчинө гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

ЗД-ын үүрэг гүйцэтгэгч тавих нь хууль зөрчинө гэв

УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаандаа Ерөнхий сайдыг оролцож, Засгийн газраас гаргасан бонд, мөн МАН ялсан аймаг, дүүрэгт ямар шалтгаанаар Засаг даргыг томилохгүй өнөөдрийг хүргээд байгаа талаар тодорхой мэдээлэл хийхийг хүссэн ч оролцоогүй байна. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс тус бүлгийнхэнд “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газрын цаг дээр эл асуудлаар мэдээлэл хийсэн тул бүлгийн хуралдаанд оролцох шаардлага байхгүй” гэсэн хариу өгчээ. Харин МАН-ын бүлгийн гишүүд уг мэдээллийг хангалтгүй хэмээн үзсэн байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвүшин “Орон нутгийн сонгууль болж өнгөрөөд 48 хонож байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд МАН ялсан есөн аймгаас ердөө гурван Засаг даргыг батламжилсан бол дөрвөн дүүргээс  Чингэлтэйн Засаг даргыг л хотын дарга батламжиллаа. Засаг даргыг батламжлахгүй удаж байгаа нь цаанаа улстөрийн шалтгаантай гэж хардахад хүргэж байна. Яагаад гэвэл Ардчилсан намынхан олонхи болсон аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд гурван цагийн дотор батламжилдаг атлаа Ардын намынхан ялсан аймгийн Засаг даргыг батламжлахгүй 48 хонолоо. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИТХ нь гурван удаа хуралдаж Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад санал болгоод байхад хүлээж авахгүй батламжлахгүй байсаар эцэст нь тус аймаг дахь Ардчилсан намын даргыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан байна. Хуульд гурван удаа Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад санал болгоно гэсэн заалт байхгүй. Энэ нь өөрөө Ерөнхий сайд хууль зөрчиж байгааг харуулсан хэрэг. Мөн хуульд Засаг даргыг Ерөнхий сайд нь батламжилдаг болохоос биш Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог юм биш. Энэ бас хууль зөрчсөн үйлдэл. Ийм хууль зөрчсөн үйлдлийг  Ардын намынхан хүлээн зөвшөөрөөд дуугүй сууна гэж байхгүй, шүүхэд хандана. Шат шатны байгууллагад хандана. Эцсийн дүндээ Ерөнхий сайдын өөрийнх нь энэ хууль зөрчсөн үйлдэл нь орон нутгийг бужигнуулж, ард иргэдийн төрд итгэх итгэлийг эвдэж байна. Өнөөдөр Багануур, Налайх дүүрэг тус бүр хоёр Засаг даргатай болчихоод байна. Багануур дүүргийнхэн хаалга үүдээ эвдлээ гэх мэдээллийг ирүүллээ. Дорнод аймгийн Засаг даргыг батламжлахгүй байна, Хөвсгөл аймаг шиг юм болж мэдэхээр байна. Эцэст нь нэмж хэлэхэд түүхэндээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд шиг гишүүдийг намаар нь ялгаварлан гадуурхсан Ерөнхий сайд томилогдож байгаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд Дорнод аймагт мөн Засаг даргыг батламжлахгүй байгаа тухай мэдэгдлээ. Энэ аймаг 35 мандаттайгаас 18 суудлыг нь МАН-аас нэр дэвшигчид, 14 суудлыг Ардчилсан нам, 2 мандатыг бие даагчид, нэг мандатыг ИЗНН-аас нэр дэвшигч тус бүр авчээ. Шинээр бүрдсэн аймгийн ИТХ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад нэрийг нь өргөн мэдүүлсэн аж. Түүнийг Засаг даргаар батламжлахад ямар нэг асуудалгүй гэнэ. Гэвч хугацаа алдаж юунаас болж хойшлуулаад байгааг нь тодруулах, ойлголцох зорилгоор Ерөнхий сайдтай уулзаж, энэ асуудлаар ярилцах хүсэлтээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд удаа дараа гаргажээ. Ерөнхий сайд эцэст нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй уулз гэсэн хариу өгсөн ч тусыг эс олсон гэнэ. Эцэстээ энэ нь явсаар бас нэгэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох зүйл рүү хөтөлж болзошгүй байгааг онцоллоо.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг бүлгийнхээ хуралдаанд дахин оролцож, Засаг дарга нарыг ямар шалтгаанаар батламжлахгүй байгаа, дээр нь Засгийн газраас гаргасан бондын талаар тодорхой мэдээлэл хийх ёстой гэдэг хүсэлтээ дахин тавих аж. Мөн бондын асуудлаар тус бүлгээс ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийнхний дүгнэлтийг маргааш хэвлэлийнхэнд танилцуулахаа энэ үеэр бүлгийн дарга онцоллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж