Д.Эрдэнэбат: МАН хариуцлагагүй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: МАН хариуцлагагүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын  2012 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 10, 11-ны өдөр буюу  өнгөрсөн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар болон Засгийн газрын мэдээллийн талаар хэлэлцсэн байна.
Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газрын тэргүүн Хөдөлмөрийн яаманд ажилласан болон Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлэх зарим ажлыг бүлгийн хуралдаанад танилцуулсан байна.
 
Өнгөрсөн пүрэв баасан гаригт хуралдах байсан УИХ-ын чуулганы хуралдаан хуралдан байсан ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцоогүйгээс ирц бүрдээгүй чуулганы хуралдаан долоо хоногоор хойшилсон билээ. Тиймээс УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн  хууль, тогтоолын төслүүд  буцаах тухай,  “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай”, Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.
МАН-аас болж, УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногоор хойшилсныг  “Төрийн ажлыг намын ажил болгож байна. МАН-ын гишүүдийг нам нь сонгоогүй. Ард түмэн сонгосон” , МАН бүлэгтэй болоод УИХ-ыг гацаасан зэрэг олон шүүмжлэлийг дагуулсан. 

76-уулаа болох гэж “хичээж” байгаа УИХ-ын хувьд сүүлийн үед хуралдаан таслах, үүнээс болж чуулган хойшлох үзэгдэл олон гарч байгаа билээ. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас бүлгийн байр суурийг сонслоо.

-УИХ-ын гишүүд хуралдаанаа тасалснаас болж, чуулганы хуралдаан долоо хоногоор хойшиллоо. Үүнээс болж төрийн ажил “гацаж” байна, АН ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн тав дахь өдрийн хуралдаан ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан тасалдсан. Би АН-ын бүлгийн ахлагчийн хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Тэр юу гэвэл МАН УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар албан ёсны бүлэгтэй болсон. Бүлэгтэй болох асуудлыг АН-ын бүлэг дэмжсэн. Бид энэ улстөрийг илүү хариуцлагатай зохион байгуулалттай болгох нь зүйтэй гэж үзсэн. Аливаа нэг асуудлыг гишүүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг явдал парламентад байж болохгүй гэж бид үзсэн юм. Тиймдээ ч оны өмнөхөн хуулийг баталсан. Харамсалтай нь өнгөрөгч тав дахь өдөр МАН хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Манай намынхныг ирцээ хангахгүй бол бид хуралдаанд оролцохгүй гэж хэлсэн.

Ийм дээрээ тулах юм бол МАН яах гэж бүлэгтэй болсон юм. Бүлэг бол улс төрийн хариуцлага хүлээж байгаа албан ёсны бүтцийн байгууллага. Хэрэв аливаа бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй байгаа бол чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлж завсарлага авах ёстой. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Зүгээр төрийг гацаах гэж байгаа бол бид өөр байр сууринаас хандахаас өөр арга байхгүй.

-Хариуцлага тооцох гэдэг ч юм уу, үүнийг өөрчлөх арга бий юу?

-Хуулийн төсөл санаачлахгүй бол болохгүй нь. УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстойгийнхоо хувьд бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувиа чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Тэгэж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төсөл санаачилна. Ингэж байж парламент төлөвшинө. Ингэж байж парламентын хууль боловсруулах үйл ажиллагаа эрсдэлгүй болно. Тиймээс бид улс төрөө зөв хийх ёстой.

-Ийм хуулийн төсөл боловсруулбал гишүүд дэмжих болов уу?

-УИХ-ын гишүүн болно гэдэг нь ард түмний өмнө хариуцлага хүлээж байна гэсэн үг. Үүнийг л алхам тутамдаа ойлгох ёстой. Гишүүд ажил таслах нь жирийн иргэдээс өөр байж болохгүй. Жирийн ажилчин үйлдвэрийн газар нэг цаг ажил таслахад цалингаа хасуулдаг. Тэр байтугай минут хоцроход 500 төгрөгөөр торгуулдаг. Хурууныхаа хээгээр цагаа бүртгүүлээд ажилладаг. Гэтэл гишүүдэд ажил тасалсан байхад цалин нь хасагддаггүй юм бэ. Үндсэн үүрэг болох чуулганыхаа хуралдаанд суухгүйгээр цагаа тавьдаг байж болохгүй. Ер нь ажил тасалдаг байдалд илүү хатуу хандах цаг болсон.

Ш.ЧИМЭГ

                                            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж