
Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Төв банк, харин дунд болон урт хугацааны хүүг зах зээл өөрөө тодорхойлох ёстой. Иймээс Монголбанк 7 хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг бол 7 хоногоос дээш хугацаатай ТБҮЦ-ны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог. Ингэхдээ дунд болон урт хугацааны хүү нь ТБҮЦ-ны ирээдүйн арилжаа, эрсдлийн болон нөөцийн үнийн хүлээлт дээр үндэслэх ажээ. Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалагддаг 12 долоо хоногийн хугацаатай энэхүү үнэт цаасыг Монголбанк 2007 оны 8 дугаар сард нэвтрүүлснээр харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлсэн юм. Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 2 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байгаа тул мөнгөний зах 2-оос 12 долоо хоногийн (14-84 хоног) хугацааны үлдэгдэлтэй эрсдэлгүй хэрэгслээр хангагдаж байгаа юм.