“Харанга ресурс” 6 сая ам.долларын хөрөнгө босгоно

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

“Харанга ресурс” 6 сая ам.долларын хөрөнгө босгоно

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн хайгуул хийдэг “Харанга Ресурс” компани зургаан сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохын тулд компанийнхаа хувиас зөвхөн Монгол хөрөнгө оруулагчдад худалдахаар болсон талаар вэб сайтдаа мэдээлжээ.

“Харанга Ресурс” Сэлэнгэ гэдэг төмрийн хүдрийн орддоо хайгуулын лиценз авахын тулд нөөцөө бүрэн тогтоохоор ажиллаж байгаа юм. Нэмэлт босгосон хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ ордын техник эдийн засгийн үндэслэл болон төмөр ялгах үйлдвэрийн ТЭЗҮ хийхэд ашиглах ажээ.  Лицензээ авахын өмнө компани ордынхоо төмрийн хүдрийн өндөр агууламжтай хэсэгт бага хэмжээний олборлолт хийж, хатаах үйлдвэрт ашиглах туршилт хийх бололтой.

Нэмэлт хөрөнгө босгохын тулд 30 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 0,20 австрали доллараар Ч.Амарбаатар гэдэг бизнесмэн тэргүүтэй нэр бүхий хөрөнгө оруулагчдад зарах юм байна. Өнгөрсөн 2012 онд Сэлэнгэ ордод 35 мянган метрийн өрөмдлөгө хийж, дээжээ лабораторид шинжлүүлж байгаа ба удахгүй үр дүн нь гарах юм. Зарим өрмийн цооногоос нь 65 хувийн төмрийн агууламжтай хүдэр гарч байжээ. Төмрийн хүдрийн төмрийн агууламж нь 65 хувь гэдэг хамгийн өндөр агууламж гэсэн үг. Сэлэнгэ орд бол Ерөө Голын төмрийн хүдрийн уурхайтай ойролцоо оршдог, төмрийн хүдрээр баялаг бүсийн нэг хэсэг юм. 

Хэрвээ “Харанг”а 6 сая ам.долларынхаа санхүүжилтийг босгож чадвал бэлэн мөнгөний нөөц нь 9,4 сая ам.доллар болох ажээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж