Залуус хүний наймааны эсрэг нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Залуус хүний наймааны эсрэг нэгдэж байна



Би одоо зааг ялгааны талаар яримаар байна.


Нүүр хуудасаа солисны дараа хувь хүнд маань хандсан хандалтууд их
ирлээ. Яагаад ийм зураг тавих болов ? Хацар дээрхи чинь жинхэнэ сорви уу
? Юу тохиолдов … Олон хүний хувь заяатай холбогдсон
нийгмийн чухал асуудал дээр хүмүүс ингэж хандаж байгаа нь харамсалтай.
Шоу сенсааци гэдэг зүйлийг хүмүүс өөрсдөө үүсгэж, дэвэргэдэг юм байна
гэж бодогдлоо. Гэтэл Ганжавхлан гэдэг бол үнэндээ хэн ч биш шүү дээ,
түүнд УИХ-ын гишүүд шиг асуудлыг шийддэг бодит эрх мэдэл нь ч байхгүй,
шууд утгаараа тийм үүрэг хариуцлага нь ч байхгүй, харин гаргаж тавьж
байгаа асуудал хэр бодитой байна, хэр зөв байна, хэр цагаа олсон байна
гэдэг дээр үзэл бодлоо илэрхийлвэл, шүүмж санаагаа хэлж, засаж сайжруулж
өгвөл зүгээр юм шиг.


Би хүмүүсийг ялгаасай гэж хүсэж байна.
Учир нь бид ялгаж салгаагүй туйлширснаас болоод олон зүйл жинхэнэ өнгөө
олж чадаагүй, олон муу муухай зүйл өнөөг хүртэл өнгөлөн далдлагдсаар
ирсэн.


Заагийг ойлгох хэрэгтэй

Бүтэн сар найзуудтайгаа
шоудчихаад аав ээжээсээ айсандаа “Би хулгайлагдчихлаа” гэж хэлдэг
охидуудаас, амар хямд амьдралыг сонгон, мөнгө зоосны нүхэнд бие,
оюунтайгаа орчихсон хүмүүсээс, дутуу зүдрүү амьдралын аяыг дааж
дийлэлгүй, өөрийн эрхгүй өөрсдөө тэр амьдралд гулсаад орчихсон
охидуудаас ЖИНХЭНЭ ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧДЫГ ялгаасай гэж хүсэж байна.
Гэрээсээ гараад ус авахын зайд, гэдэс нь өлсөөд дэлгүүр орохын хооронд
бусдад хулгайлагдан хэзээ ч эргэж ирэхгүй харанхуй гудамж руу сүүдэр
дагуулан одсон заяаг, гачигдаж дутсан ч сурах эрмэлзэхийн хүсэлд автан,
боломжтой айлын хүүхдийг хараад би ч гэсэн чадна гэсэндээ ЭЭЖЭЭ БАЯРТАЙ
гэж захиа бичээд бусдад худалдагдахаар хөөр баяр тээн гадаадыг зорисон
олон зуун охидын эмгэнэлт заяаг, амьдралын өчүүхэн алдаан дээрээ
дөрөөлүүлэн өр мөнгөний золиос болон өөрийнхөө биеэр түүнийгээ төлж
барагдуулсаар хүний наймааны золиос болон хувирсан охидууд магадгүй
хөвгүүд…. Энэ бүхнийг бусдаас нь ялгаж ойлгоосой. Шалбаагт унаж бие нь
халтартсан ч дотоод сэтгэл нь цэвэр байж болно шүү дээ, бусдын эрхшээлд
бие нь худалдагдсан ч сэтгэлд нь аав, ээж хөөрхөн дүү нь байж л байгаа
шүү дээ ?


Заагыг ойлгох хэрэгтэй

Бидэнд маш их алдаа
байгаа. Заагыг ойлгоогүй нь бидний алдаа. Хэзээ ч давуулж өнгийж
хардаггүй, өнгөн хэсгээр нь дүгнэдэг, түүнийгээ л туйлын мэт шуугидаг
бидний алдаа. Өөрсдөө нэг ч удаа гар сунгаагүй юм байж муухан яваа
нэгнийгээ, алдаж яваа нэгнийгээ улам доош нь хийж, харааж зүхэж хэзээ ч
босч чадахгүй болтол нь нэг мөсөн унагаж, хавцал руу тэр чигээр нь
түлхэж орхидог бидний түмэн алдаа. Төр засаг, цагдаагийн байгууллага руу
бүхнийг чихэхээсээ өмнө, нүдэн дээр нь уруудаж явахад нэг ч удаа өргөж
босгохыг хүсээгүй, нэг л хүнээс авсан шархаараа бүх нийгэмдээ шаралхан
хорссон, муухай үнэртэж байна гээд холдож зогссон бидэнд бас буруу бий.
Биеэ үнэлэгч 1000 охидын дунд магадгүй 10 нь бусдад худалдагдсан байж л
байгаа. Миний хувьд 10 гэдэг ерөөсөө бага тоо биш. Ер нь тоондоо ч
байгаа юм биш ийм юм энэ улсад байна гэдэг л өөрөө эмгэнэл, хэдэн арван
сая хүнтэй Бангладеш, Энэтхэг, Непал биш шүү хэдэн зуугаараа эзэд нь
орхиод хаяад явж байгаа Монгол нутагт маань бодит жишээтэй, биендээ
сорвитой хүний наймааны олон тохиолдол, хэргүүд байна.


Заагыг ойлгох хэрэгтэй


Хөөрөх үйлдэхийн заагыг ойлгох хэрэгтэй, ярих хөдлөхийн заагыг ойлгох
хэрэгтэй. Одоо бол ярих ч чухал, хийх ч чухал байна. Зөв сайн
сэрэмжлүүлэг маш чухал. Бодитой бөгөөд хүчтэй, бодлоготой бөгөөд
дараалалтай бодит алхмууд бүр чухал. Сэтгэлийн хөөрөл гэдэг зүйлийг
яасан ч хөдлөхгүй болтол нь түр булж, цаг минут тутамд сэргэг, эрүүл,
ухаантай байх хэрэгтэй, нүдэнд чинь хүний наймаа үзэгдэхгүй байгаа бол
чи өөрөө тэр бүсэд нь байхгүй байгаагаа ойлгох хэрэгтэй, утаа дуниартан
харанхуйлсан уулын орой дээрхи амьдралыг сонирхох хэрэгтэй. Эрсдэлийг
100, 1000 хувааж ирэх аюулыг хамтаараа үүрэх хэрэгтэй. Хүчирхийлэлийг
хуулийн хүрээнд шийдүүлж, хүний наймааг нийгмээрээ жигшин таслах ёстой.
Үнэхээр шаардлагатай үед Монгол эрийн зоригийг харуулах хэрэгтэй, уярч
шалчигнасан зориг биш, омогшиж цээжээ дэлдсэн тэнэг зориг биш,
чимээгүйхэн ЛАНТУУН ДОХИО өгөх шийдсэн зориг.



Хийсэн
зүйлгүй том дуугарах хэцүү, эхэлсэн ажилтай бусдыг уриалах ондоо.
Өнгөрсөн богино хугацаанд цагийн хүрд нэвтрүүлгээр 2 удаа, Өглөөний
сонины эхний нүүрэн дээр 3 удаа, төрийн ордны иргэний танхимд нэг удаа,
хууль зүйн сайдад өөрт нь нэг удаа, social network-н хэмжээнд хэдэн
арван мянган удаа та бүхэнд үнэн мэдээлэл, бодит сэрэмжлүүлэг өгөхийг
хичээсэн. Гэрчтэй хохирогчтой, эргээд эрсдэлтэй хэрэг дээр хэдэн сар
тэмцэл хийж, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөнтэй хамтарч, УИХ-с
дэмжлэг аван ялж ялагдан явж байна. Дохиог өгч эхэлсэн, дохио ч бусдад
хүрсэн, одоо олуулаа болох хэрэгтэй. Монгол залуус Монгол охидынхоо, дүү
нарынхаа төлөө зөв хөдлөх цаг болсон !

Ч.Ганжавхлан

ЛАНТУУН ДОХИО ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮНИЙ НАЙМААНЫ ЭСРЭГ БҮЛГЭМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж