Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Би юу хийчихэв ээ

“Дүлийдээ найдаад унгараг” гэгчээр ард түмний итгэлийг хү­лээж, амь биеэ үл умартан төр, түмэн олныхоо төлөө зүтгэнэ гэсэн эрхэм нөхөд сүү­лийн өдрүүдэд ажлаа хийхээ боли­лоо. Намрын чуулган хуралдаж эхэл­сэн цагаасаа эхлэн чуул­га­ны тан­химд гишүүдээ цуг­луулах то­моохон  ажлыг З.Энх­болд дар­га хийдэг болсон. Нэг ч хүн­гүй шахам танхимд орж ирэн ганцаараа суучихаад л  теле сүлжээ, твиттерээр УИХ дахь АН, МАН, “Шударга ёс” эвслийн гишүүдээ хуралдаанд орж ирэхийг гуйна.

Шууд цацагдаж байгаа Парламентын сувгаар УИХ-ын дарга З.Энх­болд “Гишүүдээ өрөөндөө бай­гаа нь хуралдаа орж ирнэ үү” хэ­мээн аргадаж гуйх, учирлаж заг­нах шахуу үглэх нь байнга л давтагдаж, хэвийн үзэг­дэл болчихсон. Тэднийг ажлаа тасалж, даргынхаа үгийг хүлээж авсангүй гээд хүлээлгэх хариуцлага байхгүй. Намрын чуул­ган хуралдаж  эхэлснээс хойш гишүүдийн хэрүүл мар­гаан, зодоон цохионыг нь хан­галт­тай үзсэнээс биш хийж хэрэгжүүлсэн ажлыг нь тун цөөхөн олж харлаа. Мөнгө ху­вааж авах, их хэмжээний мөн­гө орж ирэх хуулийн төслийг бөө­нөөрөө суугаад баталдаг эрхмүүд улс орны амьдрал, өрөөл бусдын эрх ашгийн төлөөх асуу­дал огтхон ч хамаагүй гэд­гээ өнгөрсөн хугацаанд хан­галттай харуулсан.

Бид чинь яасан үл бүтэх нөхдүүдийг өөрсдийн төлөөллөөрөө сонго­чих­сон юм бэ дээ.  Нөгөө Богд “Би юу хийчихвээ” гэдэг шиг л юм болж байна. Хааяа нэг хуралдаа сууж, “махан” биеэ танхимд харуулдаг ч, ухаан санаа нь твиттер, гар утасны мессеж хавиар тэнэж, нэг нэгнийхээ хорыг малтаж, хов жив хөөцөлдөх зэрэг шалдир бульдир ажилд гаршиж байгааг нь хатуухан хэлчихмээр байна.

Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч бид хоёр гурван цаг л шалтгаангүй ажлаа таслахад өдрийн цалингаа хураалгаж, дээр нь нэмээд цалингийнхаа хувиар торгуулах нь энүүхэнд. Харин “халдашгүй бүрэн эрх” гэх хачин бүрхээр өөрсдийгөө хамгаалсан гишүүд ажлаа шалтгаангүйгээр та­салж, өрөө дамжин шатар нүүж, конъяк шимж, хувийн аж­лаа амжуулж, амарч зугаалж явахад хариуцлага тооцох газар, эрх мэдэлтэн алга байна. Дөрвөн жилд хамгийн идэвхтэй байсан, бас тасалсан гишүүдийн нэрсийг зарлах, өдөр болгон шалтгаангүйгээр аж­лаа тасалсан, өвчтэй, чө­лөөтэй гишүүдийн нэрсийг гаргахаас өөрөөр гишүүдэд  хүлээлгэх хариуцлага, дагах ёстой үүргийн талаар УИХ-ын Тамгын газар нэг ч удаа ажил хийсэнгүй.

Шаварт унасан шарын эзэд болох АН-ын хэдэн гишүүд бэлгэдлийн чанартай парламентын танхимд ганц нэгээрээ харагддаг байсан бол сүүлдээ бусдыгаа даган баясаад УИХ-ын дарга, сонгогчдоо үл тоомсорлодог болж. МАН-ынхан “Олонхи ирцээ бүрдүүлчихвэл цөөнх болсон бид  хуралдаа орно” хэмээн парламентын гишүүн байтугай тэнэг хүний амнаас гарамгүй хөгийн зүйл ярьж байна. 90 жилийн түүхтэй, зангарагтай гэх намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, өөрсдийгөө онигоонд оруулсан тэнэг мэдэгдэл хийчихээд маасайтал инээсээр их ажил амжуулчихсан аятай энд тэнд очиж хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгч, ам уралдуулан явж харагдлаа. Ер нь 1996-2000 он давтагдаж магадгүй. МАН цөөнх байхдаа АН-ын дөрвөн засгийг унагах ажил хийдэг байсан.

“Шударга ёс” эвслийн хэдэн нөхөд гэж хэдэн тийшээ харсан хүмүүс. Эвсэл ч гэж дээ. Намын даргынхаа далбаан дор албан тушаал авчихсандаа бантаж, түүний эрүүл мэндэд санаа тавьсан царайлж, намын байр, хорихын үүдээр эргэлдэж төр засгийн ажилд хуруугаа хөдөлгөхийг ч хүсэхгүй байгаа. Ер нь нэг нам, даргынхаа төлөө далдаганаж, амин ху­вийн аж­лаар өдөр хоногийг өнгөрүү­лэх бус улс орны ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө зүтгэх үндсэн үүрэгт ажлаа хийвэл яасан юм бол.

Тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулан, гишүүнийхээ тэмдгийг энгэр­тээ зүүчихээд намрын турш зүсээ ч харуулаагүй гишүүд цөөнгүй гэдгийг нэр дурьдсан ч болж байна. Төрийн ордонд байрлах өрөөндөө өдрийн од шиг ганц хоёр удаа харагддаг гишүүд МАН, АН аль алинд нь бий. Ер нь энд тэнд эрх хүүхэд ээждээ тунирхаж байгаа аятай тэнэг мэдэгдэл хийж суухаар, хуралдаа орж суучихаад ажлаа хийхгүй байгаа олонхийг зэмлэж суувал арай л жинтэй харагдах байлаа. Нарийн яривал УИХ бол намуудын сөргөлдөөний талбар биш иргэдийн төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл намын эрх ашиг, нөгөөд тал засах гэсэн хэдэн том толгойтнуудаас болж улсын ажил цалгардаж, ес эхэлж өвөлжилт хүндэрчихлээ.

Хүйтний эрч улам чангарч, хотын хэд нь утаандаа угаартаж, малчид нь малтайгаа туйлдаж байхад тэдний эрх ашгийг хамгаалах ариун үүрэг хүлээсэн эрхмүүд хувь, хувьсгалын ажлаа ялгаж чадахгүй шалтгаангүйгээр ажлаа тасалсаар… МАН-ынхан хаврын бэлтгэл, өвөлжилтийн нөхцөл байдлын талаархи Ерөнхий сайдын мэдэгдэлд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Юу гэсэн үг вэ. Магадгүй мөнгө орж ирэх, мөнгө авах, хэн нэгнийг томилох, албан тушаалд суулгах тухай байсан бол хамгийн түрүүнд кнопоо дарчихаад “гонгинож” суух байсан биз.

Ер нь УИХ-ын гишүүд албан ёсоор завсарлага авалгүйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь ажлаа тасалж байгаа хэрэг учраас тэднийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эргүүлэн татсан ч яадаг юм. Ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан чуулган дахиад хэдэн долоо хоног иймэрхүү байдлаар үргэлжлэх юм бол. Бид ийм л төртэй байна даа. Нэг нь тунирхаж, нөгөө нь хатуурхсан, бусад нь алийгаа мэдэхгүй яваа хэдэн хүн Монголын төрд байна. Бид юу хийчихэв ээ…

Өнгөрсөн баасан гарагийн чуулганы ирцээр бол 74 гишүүнээс 63 нь ажилдаа ирж, 85 хувийн ирцтэй хуралдах байлаа. Харин бодит байдал дээр бол:

Гишүүдийн нэр

Хаашаа явсан

Ирэх хугацаа

Л.Энх-Амгалан /Гадаадад УИХ-аас томилолт олгосон/

БНСУ

XII/20 – I/11

АНУ

XII/28-I/11

Н.Баярцогт /чөлөөтэй /

БНСУ

I/03 – I/07

Д.Эрдэнэбат /чөлөөтэй /

I/03 – I/10

Сү.Батболд /өвчтэй /

I/06

З.Баянсэлэнгэ /өвчтэй/

I/02-ноос

Л.Эрдэнэчимэг /өвчтэй /

I/04-нөөс

Г.Уянга /өвчтэй /

I/04-нөөс

Ч.Хүрэлбаатар
/тасалсан /

БНХАУ

I/06

Ж.Батзандан /тасалсан/

БНСУ

I/03 – I/05

Д.Бат-Эрдэнэ /тасалсан /

Өмнөговь

I/01 – I/10

Б.Болор /ирэх бололцоогүй/

Су.Батболд
/тасалсан/

Өрөөндөө

Ж.Батсуурь
/тасалсан/

Өрөөндөө

Б.Бат-Эрдэнэ /тасалсан/

Өрөөндөө

Ё.Отгонбаяр /тасалсан/

Өрөөндөө

С.Бямбацогт /тасалсан/

Өрөөндөө

Ц.Дашдорж /тасалсан/

Өрөөндөө

Д.Дэмбэрэл/тасалсан/

Өрөөндөө

Д.Лүндээжанцан/тасалсан/

Өрөөндөө

Н.Номтойбаяр /тасалсан/

Өрөөндөө

Ц.Нямдорж /тасалсан/

Өрөөндөө

Д.Оюунхорол /тасалсан/

Өрөөндөө

Ж.Эрдэнэбат /тасалсан/

Өрөөндөө

Д.Сарангэрэл /тасалсан/

Өрөөндөө

Я.Содбаатар/тасалсан/

Өрөөндөө

О.Содбилэг/тасалсан/

Өрөөндөө

Ө.Энхтүвшин/тасалсан/

Өрөөндөө

А.Тлейхан/тасалсан/

Өрөөндөө

Д.Хаянхярваа/тасалсан/

Өрөөндөө

Ж.Энхбаяр/тасалсан/

Өрөөндөө

М.Энхболд/тасалсан/

Өрөөндөө

Н.Энхболд/тасалсан/

Өрөөндөө

Д.Батцогт/тасалсан/

Өрөөндөө

Б.ӨНӨРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж