Монгол бөхчүүдийн үсний шинэ мода гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Монгол бөхчүүдийн үсний шинэ мода гарна

Үснийхээ засалтыг өөрчлөхийн тулд гадаад катологи харж үсний хэлбэр загвараа сонгодог байсан бол үүнийг өөрчлөхөөр монгол үсний засалт, монгол катологитой болохын төлөө мэргэжлийн мастер үсчид “Матрикс” салоны Н.Батжаргал, “Хүрлээ” студийн Ц.Хүрэлбаатар, “Ruly” салоны Б.Цогбадрах, Д.Мөнхтулга, “My Image” салоны П.Доржсүрэн, “Nana” салоны Амартогтох, “Best” салоны Ө.Алтаншагай, “Залуус” салоны Г.Алтанцэцэг нар нэгдэн “Nine hair”  холбоо байгуулан, ажиллаж эхэлжээ. Өнөөдөр “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд  тус  клубээс зохиож байгаа монгол хүний дүр төрхөнд тохирсон шинэ загвар гаргах “Амжилтын амт” цуврал наадмын  эхнийх нь болох “Монгол бөх” үсний тэмцээний талаар хэвлэлийн бага хурал боллоо. Монгол гэсэн өөрийн өвөрмөц үс засалт түүнийгээ  нэрлэсэн монгол нэртэй болох зорилго тавин гараагаа эхэлсэн үсчдийн тэмцээн ийнхүү монгол эр хүний бэлэгдэл бөхчүүдийнхээ шинэ үс засалтыг тодорхойлох болно. Эрэгтэй үс засалт гэхээр л пинтүү, спорт гээд цөөхөн түгээмэл засалтуудыг халах цаг хэдийнэ ирсэн. Тус тэмцээнээр монгол хүнд тохирсон үс засалт, хэв маягийг гаргаж ирэх, баяжуулах, хөгжүүлэх, шинэ залуу үсчдийг дэмжин тэдний ур чадварыг сайжруулан харилцан туршлага солилцуулах өрсөлдөөнөөр үсчин гоо сайхны газруудын хөгжүүлэх, нийтэд гоо зүйн соёлыг түгээх, дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай болгох зорилготой ажээ. Энэхүү тэмцээнд 40 гаруй мэргэжлийн үсчин оролцох бөгөөд 40 шинэ загвар өрсөлдүүлэн шалгарсан шилдэг нэг үсчнийг нэг сая төгрөгөөр шагнан шилжин явах цом олгох бол хоёр, гуравдугаар байранд орсон үсчид ч 300 мянган төгрөгийг гардаг авах нь ээ. Уг тэмцээнийг зөвхөн уралдаан хэлбэрээр бус шоу хэмжээнд зохиож байгаагаараа онцлогтой юм байна. Энэ сарын 24-нд 19.00 цагаас “Монгол бөхийн өргөөн”-д болох “Амжилтын амт цомын төлөө монгол бөхийн үс засалтыг тодорхойлох шоу уралдаант тэмцээн”-д МУСГЗ Ш.Гүрбазар, “Люмино”, “Хар сарнай” хамтлаг, Red Virus, Voice opera group, Сарны чулуу чуулгынхан болон дуучин BX, Уянга, Эгшиглэн, Guys-ын Мийгаа гээд хамтлаг дуучид ая дуугаа өргөн уйдахааргүй нэгэн үдшийг  “Nine hair” клубийхэн танд бэлэглэх гэж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж