Оросын яруу найрагч А.С.Пушкины асрагч эх хэдэн зуун үлгэр цээжээр мэддэг байсан учир нэг ярьсан үлгэрээ дахин давтаж ярьдаггүй байсан гэдэг. Үлгэр бол хүүхдэд сайн мууг ялгаж таних, ярих чадвар суулгадаг хамгийн сайн багш. Гэхдээ бас үлгэр их сонсвол үлийсэн сохор болно гэдэг ч үг бий. Аль эртнээс өвгөд дээдэс минь аливаа юм хэмжээтэйг анхааруулсан үг гэлтэй.
Түүнтэй адил аливаа зүйл хэтийдэхийн хэрээр хор болдог олон жишээ эх хэл минь бохирдоход хүргэж буйг бид цуврал нийтлэлээрээ хөндөж буй. Хүн зөв ярьж сурсан байна гэдэг бол алдаагүй зөв бичихийн эх үндэс гэдгийг дунд сургуулийн монгол хэлний багш нараас эхлээд олон хүн хэлдэг юм билээ. Тэгвэл бид өнөөдөр үр хүүхдэдээ хэдэн зуугаар нь бүү хэл ганц нэгэн үлгэр ярьж өгч чадаж байгаа билүү? Монголчууд бид “Арван таван толгойтой Атгаалжин хар мангас” гэдэг зөвхөн манай ард түмэнд л байдаг “мангас”-тай ард түмэн. Гэтэл өөрсдийн оюуны өв болсон үлгэр домгоо ярьж өгч чадахгүй байгаагаас таван настай хүү:
-Чи юунаас айдаг вэ? гэсэн асуултад
-Шерекээс хэмээн гадаад “мангас”-аас айж явдаг болсоноо гадаадаар хариулж байна. Хонины төлийг юу гэдэг вэ? гэхээр хэнэг ч үгүй “ишиг” гэж байгаа нь монгол хэл, түүхэн уламжлалт соёл алдагдаж, “халдвар” авч эхэлсний эхний шинж тэмдэг гэдгийг хүн болгон л анзаарч байгаа байх. Харин энэхүү “халдвар” нэлээд газар аван үгдэрч эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар сайндаа л сүүлийн үед хэн дуртай нь өөрийн гэсэн хэл ярианы болон бичгийн дүрэмтэй болсон. Энд хэл шинжлэлийн эрдэмтдийн иш онол, үзэл санааны ялгаа ч их нөлөөлж байна. Академич Д.Төмөртогоо гуай гэхэд л сүүлийн үед хэвлүүлсэн бүх номоо гээгдсэн эгшгийн дүрэм гэж Монгол хэлэнд байх ёсгүй гэж үзээд биччихсэн байх юм. Энэ дунд нь ард түмэн төөрөлдөж гүйцэх нь. Ингэж бичих ёстой хэмээн тайлбарлаж чадвал тэр үгийг “тэгж” бичиж болно гэсэн ойлголттой болчихсон. Долоо хоногийн өдрүүдийг заасан үгийг уг нь бол “гараг” гэж бичих ёстой гэж хэдхэн жилийн өмнө багш нараараа заалгаж байсан бол харин одоо бусдын жишгийг дагаж “гариг” хэмээн бичиж сууна. Энэ “гариг” гэдэг үг уг нь нохойны ялгадас гэсэн утгыг илэрхийлдэг юм билээ. Бас нохойны ялгадсыг нэрлэдэг жогорхой гэдэг үг байдаг гэнэлээ.
Аливаа үгийг язгуураар нь хөөн ойлгож, бичих ёстой боловч, одоо бол хэлэхэд амар, ойлгоход хялбар байгаагаар нь л бичиж байна. Тэр ч бүү хэл зарим нэгэн “зохиогч” нарын “уран зохиолын” хэмээн сүржин нэрлэсэн номонд ч алдаа мадагтай үг, өгүүлбэр /үгүүлбэр гэж бичих гэснээ болиод олонтойгоо хамт байхыг илүүд үзэв/ “цохиж” явна. Үүнээс гадна гудамж талбайгаар дүүрэн байх хаяг, байршлын самбар дээрх үг, үсгийн алдаа тоймгүй их. Тэдэнтэй найруулга зүй гэж нэг юм байдаг, эсвэл байсан тухай бол яриад ч нэмэргүй.
Харин энэ удаад бичгийн гэхээсээ илүү ярианы хэлний алдааг хэн, хаана гаргаж байгааг хөндөхийг зорилоо. Биднийг бага ангид байхад ангийн багш самбарын өмнө зогсоод үг нэг бүрийг үеэр таслан хэлж, цээж бичиг бичүүлдэг байлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Түдэвийн зохиол “Хор-воо-той та-нилц-сан түүх”-ийг ингэж хэлэхдээ “сонссоноороо бичээрэй” гэж анхааруулдаг байлаа. Энэ мэтийг дурдаж, хэл яриандаа гаргаж буй алдааг онцолсон минь учиртай. Учир нь сүүлийн үед аливаа баяр ёслолын үйл ажиллагаа дээр /ихэнхдээ арга хэмжээ гэж ярьдаг. Арга хэмжээг алдаа гаргасан хүн, албан байгууллагад л авдаг / том дарга нар маань “За та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе гэж бодож байна” хэмээн хэлдэг болж. Тэгэхээр том дарга нар маань бидэнд сайн сайхныг хүсэн ерөөдөггүй, зүгээр л тэгж ерөөхийг бодож явдаг бололтой. Тэр нь ч үнэн л дээ?
Үүн дээр нэмэгдээд зарим радио, телевизийн хөтлөгчдийн үг сонголтын болон ярианы найруулгын алдаа гарч ирнэ. Тэд маш олон сул үгийг амнаасаа унагааж, өгүүлбэртээ гадаад үгийг ихээр хэрэглэдэг. Богино долгионы радиогийн хөтлөгчид сонсогчдоо татахын тулд элдэв маяг, сул үг хэрэглэдэг байхыг үгүйсгэхгүй ч “хүн сонссоноороо бичдэг” гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэд хоногийн өмнөөс богино долгионы радиогоор “Найз охиноо найрахад” хиамыг хэрэглэж болно гэсэн шууд утга бүхий сурталчилгаа бараг л минут тутамд цацагдаж байна. Үерхэж буй, магадгүй гэрлэх бодол тээн хөтлөлцөж яваа найз охиноо “найрах” ямар хэрэг байна вэ? Энэ сурталчилгааны үгийг “Найз охиноосоо уучлалт гуйхад”, үгүй ядаад “Найз охиноо баярлуулахад” хэмээн зассан бол зөв сонсогдож, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадах байлаа.
Үлгэр ярьж, үлгэр сонсч өссөн бол энэ мэт энгийн алдаа гаргахгүй байх давуу талыг бидэнд бий болгочих байж. Гэхдээ иймэрхүү алдаагаа хүлээн зөвшөөрч, толгой дохих хүн цөөхөн байдаг. Хэзээ ч өөртөө алдаа өгдөггүй, хүлээн зөвшөөрдөггүй нь бидний “тэнгэр заяатай” хэмээн цээжээ дэлддэг их омогтой холбоотой байж ч мэдэх юм. Үүнийг батлах мэт хэзээ, хэн хэлсэн нь үл мэдэгдэх “Монголчууд буруу ярьж зөв ойлгодог” гэдэг үг бий. Энэ үгийн тайлбарыг Хэл шинжлэлийн нэгэн эрхэм “Манж нараас үүсэлтэй байж мэдэх юм. Учир нь монголчууд далд утгатай хэлц үгээр өөр хоорондоо ойлголцож байснаас ингэж хэлсэн байх” хэмээн хэлснийг үнэнд нэлээд ойрхон очих болов уу гэж бодож байна. Үнэндээ хурга гэхийг ишиг гэж, аарцтай шөлийг шөлтэй аарц хэмээн ярьчихаад дээрх үгээр өөрийгөө өмөөрч боломгүй. Монголчууд бид зөв ярьж зөв ойлгодог байсан ард түмэн. Тийм ч байх хэрэгтэй. Ингэж л чадаж байвал эх болсон монгол хэлээ мөхөхөөс сэргийлж, ирээдүй тийш итгэлтэй алхах болно.
Тэгээд ч хэлэх гэсэн санаагаа цөөхөн үгээр оновчтой илэрхийлэх нь цаг, минутаар хэмжигдэж байгаа хөгжлийн энэ эрин зуунд бидний эзэмших ёстой хамгийн том чадвар билээ.