Хүмүүс гадаа нь машинтайгаа, эсвэл үүдэнд нь нэгэн зүйлийг хүлээнэ. Тэд 1-10 хэмээн дугаарласан өрөөнүүдийг сулрахыг хүлээх аж. Хүлээгсдийн дийлэнх нь оюутан, залуус. Үүрсэн цүнх, ярьж байгаа байдал зэргээс нь үүнийг хэн ч хялбархан мэдчихэж болно. Энэ залуус чухам юу хүлээж байна вэ гэж үү? Караокены өрөөнөөс хүн сулрахыг… Чинээлэг оюутнууд нь машиндаа хүлээж байхад арай барагтай нь караоке дотор үйлчлэгчийн ширээний урд хүлээн суух нь сууж зогсох нь зогсоно. Тэдэнд зориулсан үйлчилгээний тусгай хуваарь бий. Энэ зохицуулалт тун “боловсон” бөгөөд “ухаалаг”. Хэрвээ оюутан Д найзуудтайгаа нэг өрөөнд орохоор болчихвол түүнд 1:30 минутаас өөр цаг байхгүй. Учир юу гэвэл дараагийн хүмүүс гадна, доторгүй дугаарлаж байгаа болохоор тэр.
Залуусыг оруулдаггүй “дархан цаазат” өрөөнүүд байх ч бүгд урьд нь захиалчихсан илүү мөнгө өгчихсөн болохоор “баян” оюутнуудад энэ өрөө хаалттай байдаг аж. Нэгэнт бүтэц хэлбэр нь ийм учраас оюутнуудын хүлээлт удаан үргэлжлэх нь аргагүй. Харин машин дотор байгсадад арай өөр хэлбэр үйлчилнэ. Булиа нэгэн нь урдаа орчихсон залуусыг зодох, эсвэл хэдэн төгрөг шидэх. Ийм л тэмцлийн үр дүнд шөнийн амьдрал үргэлжилнэ.
Эрэлт хэрэгцээ ихтэй ч хүлээлт нэг их шаардахгүй дараагийн газар нь паб буюу монголчилвол уушийн газар. Дээрхээс ялгаатай нь нас тогтсон хүмүүс арай давуу хувийг эзэлдэг аж. Гэсэн ч оюутан, залуусын төлөөлөл ёс юм шиг харагдана. Энд тэднээс, тэдний хүслээс шалтгаалахгүй нэг зүйл бий. Энэ нь цагийн хязгаарлалт. Гагцхүү үүний улмаас бүгдээрээ илүү мөнгө төлөх юм уу, мөнгө байхгүй бол хаалганы ард гарах тогтолцоо үйлчилсээр уджээ. Хэдийгээр залуус нь үйлчлэгчийг найрах гэж оролдох авч даанч чадахгүй. Илүү мөнгөгүйн улмаас тэр. Томчуудад бол хязгаарлалт арай өөрөөр үйлчилнэ. Тэд хэдэн төгрөгийг “хэн нэгэнд” атгуулаад хүссэнээрээ сууж болно. Гэхдээ нэг зовлон бий. Цагдаа ах нар үүдээр нь эргэлдээ байвал чимээ бага гаргаад, амьсгаагаа зөв хуваарилна. Үүнийг бүр үйлчлэгч нь шаардана гээч. Нэгэнт мөнгөө төлчихсөн цаг хэтрүүлэн суух хүсэл үйлчлүүлэгчдэд давамгайлж байгаа нөхцөлд эдгээр даалгаврыг даган мөрдөхөөс өөр арга байдаггүй бололтой.
Оюутан, мөнгө хоёрыг ар, араасаа дагуулж, “эрэлт, нийлүүлэлтийн хууль”-ийг маш сайн баримталдаг газрыг та юу гэж таах вэ? Мэдээж зарим нь таачихсан л байгаа. Энэ бол шөнийн цэнгээний газрууд. Хязгаарлалтын хуулинд захирагдах нэг газар нь мөн ч угтаа баарууд ч гэсэн ялгаагүй нууж хааж, хуйвалдаж байж шөнө болгон ажилладаг аж. Тийм ч учраас хүний хөл тасарна гэж үгүй. Нэгэнт дүүрэн байдаг учраас үүдэн дээр нь угтан авч байгаа залуус хоёр, гурваараа сууж байгаа ширээнд давхралдуулан суулгах юм уу, орох хэсгийн наана нь таксаа авчихаад үйлчлүүлэгч гартал хүлээлгэнэ. Тэр тэвчээртэй хүлээгсдийн дийлэнх нь нөгөөх л оюутан, залуус. Караокений өрөөг хүлээж байхад харагддаг тэр бүх дүр зураг хуулсан мэт энэ л газрын өмнө харагдана. Хэлбэр нь арай хүнд л дээ. Баарны нүргээнт хөгжим, уусан алкохолын хэмжээ нэг дор нөлөөлснөөс ч тэр үү зодоон, нүдээн, уйлаан, майлаан бол цаг тутам урсана.
Энэ бүгд чухам юутай холбоотой вэ? Өөрийнхөө дураар явж байгаа залуучуудад буруу байна уу? Бүр эсвэл баар, караоке, паб түрээсэлж үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс буруутай юу? Харамсалтай нь энэ бүхэнд дээрхийн аль нь ч буруугүй. Үйлчлүүлэхийг хүсч байгаа хүмүүс, мөнгө олох гэж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүст ямар буруу байхав дээ. Бяцхан бичлэгээ дуусгахын өмнө нэгэн караоке ажиллуулдаг хүний яриаг хүргэе. “70-ын буянд ч хүнээр тасрахгүй байгаа шүү” гэж.
P.S: Оюутанд сурлагын чанараас нь хамаарч ялгамжтай олгож байгаа 70 мянган төгрөгийг төр хэний халааснаас оюутанд өгч байгаа вэ?