Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.01.06-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар бол маргааш 10.00 цагаас эхэлж УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх аж. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус бүр хаалттай хуралдах юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь хуралдаанаараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна. Эл хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдсэн юм. Тодруулбал, одоо үйлчилж байгаа хуулиар Давж заалдах шатны шүүх нь аймаг бүрт бий. Харин дээрх хуулийн төсөлд 2-3 аймгийн дунд нэг Давж заалдах шатны шүүх байгуулахаар болоод буй. Жишээлбэл, Хөвсгөл, Булган аймгийн иргэд давж заалдах шаардлага гарвал Орхон аймаг дахь Давж заалдах шатны шүүхэд очиж хандах болж байгаа юм. Мөн тус бүлэг Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

Бусад хоёр намын бүлгээр хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт хоёр удаа хойшилсон. Эхний удаагийнх нь бүлгийн гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж байгаа тул хуралдаанаа хойшлуулсан гэсэн бол дараагийн хуралдаанаа “Хэлэлцэх асуудлуудаар үндсэндээ зарчмын тохиролцоонд хүрсэн” гэж үзсэн билээ. Харин энэ удаад хуралдах уу, эсвэл дахиад гурав дахь долоо хоногт бүлгийн хуралдаанаа хойшлуулах уу гэдэг эргэлзээтэй хэвээр байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж