Пёнчан-2018 өвлийн олимпийн наадам болох БНСУ-ын Ганвон мужийн захиргаанаас Монголын үндэсний олимпийн хороонд ирүүлсэн урилгын дагуу “Dream” хөтөлбөрт хамрагдахаар манай өсвөр гурван тэшүүрчин, дасгалжуулагч Б.Болдбаатарын хамт Гуулин орныг зорив. Ирээдүйн цагаан олимпод оролцох хүсэл эрмэлзэл өвөртөлсөн 13-14 насны Б.Зоригтбаатар, Г.Маралмаа /хоёул Сонгинохайрхан дүүргийн IX сургууль/, Я.Зоригтбаатар /Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль/ нар 14 хоногийн турш дэлхийн 50 гаруй орны үе тэнгийн тамирчидтай олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн удирдлага дор хамтарсан бэлтгэл хийнэ. БНСУ-ын Ганвон мужийн Пёнчан хотод таван жилийн дараа өвлийн XXIII олимпийн наадам зохиогдох бөгөөд энэхүү наадамд оролцох нөөц бололцоо бүхий өсөх ирээдүйтэй өсвөр тамирчдад бодит туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор тэдний бүх зардлыг хариуцан, Өмнөд Солонгосын үндэсний олимпийн хороо, Олон улсын тэшүүрийн холбоотой хамтран жил бүр “Dream” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Залуу тамирчдыг үдэн гаргах ёслол Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар оролцов.
Т.МАША