Д.Болдбаатар 53-т хурдлав

Хуучирсан мэдээ: 2013.01.06-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар 53-т хурдлав

Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-гийн анхны гараа өчигдөр боллоо. Перу улсын нийслэл Лима хотоос гараагаа хийсэн  энэ жилийн “Дакар”-т анх удаа монгол тамирчин оролцож буй гэдгээрээ онцлог. Угаас авто сонирхогчдын анхаарлын төвд байдаг, авто спортын олимп гэгдэх тус уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 175 дугаартай, Н.Лхамаа 174 дугаартай мотоциклийн ангилалд тоосоо өргөж буй. Тэгвэл, өчигдөр болсон эхний гараанд тамирчид Лимагаас Писко хүртэл 13 км зайд уралдсан юм. Бэлгэдлийн чанартай эхний гараанд мотоциклийн ангилалд 196 тамирчин гараанаас гарч, уралдсанаас 183 нь барианд оржээ. “KTM” хөлөглөсөн, Чилийн тамирчин Франциско Лопез долоон минут, 51 секундын амжилтаар мотоциклийн ангилалд түрүүлсэн бол Голландын Франс Верхоевен, Чилийн Пабло Куинтанилла нар удаалжээ. Харин өнгөрсөн жилийн аварга Сайрил Деспре тэргүүлэгчээс 13 секундээр хоцорч, тавдугаарт бариалсан. Монголын тамирчдаас ОУХМ  Д.Болдбаатар есөн минут, 16 секундын амжилтаар 53 дугаарт, Н.Лхамаа есөн минут, 52 секундээр 79 дүгээр байрт орсон байна.

Харин автомашины төрөлд дэлхийн раллигийн хошой аварга Карло Сайнз түрүүлжээ. Тэрбээр нийт 13 км замыг долоон минут 40 секундэд туулсан байна.

“Дакар ралли”-гийн оролцогчид суудлын тэрэг, ачааны машин, мотоцикль, дөрвөн дугуйт гэсэн дөрвөн ангилалд, Перу, Аргентин, Чилийн нутгаар нийт 8000 гаруй км замыг туулж, өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодорно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж