Дээрх арга хэмжээний үеэр Үйлдвэрлэл урлалын сургуулийн захирал “Амьдрал дээр байгаа ажлын байрны эрэлтийн судалгааг үнэн зөв гаргах хэрэгтэй байна” гэлээ. Учир нь өнгөрсөн хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд олон иргэн нарийн боовчин, талхчин, тогооч, үсчин, гоо сайханч зэрэг мэргэжлээр түгээмэл төгссөн байдаг. Амьдрал дээр тэдгээр төгсөгчдөөс хэд нь ажлын байраар хангагдсан, ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа нь тодорхойгүй байдаг. Гэтэл ажил олгогч нарын зүгээс өрлөгчин, арматур зангидагч, шаварчин, уул уурхайн салбарт бол том ачааны машин жолоодох жолооч гээд илүү хүнд үйлдвэрийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан хайгаад байдаг. Тиймээс судалгаагаа нарийвчлах шаардлага байна” гэсэн юм.
Хөдөлмөрийн яамны сайд энэ асуудалд хариулт өгөхдөө “Ажил олгогч нарт ямар чиглэлийн мэргэжилтэн хамгийн их эрэлттэй байгааг нарийвчилж авна. Түүний үндсэн дээр мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэнэ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд компаниуд өөрсдөө бас гол үүрэг рольтой ажиллана. Тодруулж хэлбэл, компаниуд нь сургалтын байгууллагатай хамтран ажиллах хүчнээ сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаагаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцлогтой болохыг тэмдэглэсэн юм.
Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулж “Оюутолгой” компанийн зүгээс 40 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон орд газруудыг тойроод ажлын байр нэмэгдэх болсон. Тиймээс ирэх жилүүдэд уул уурхайн чиглэлээр ажиллах мэргэжилтэй ажилтан хамгийн их хэрэгцээтэй болж байгаа. Мөн энэ онд бүтээн байгуулалтын нөр их ажлууд хийгдэнэ, зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замтай холбохын зэрэгцээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ. Түүнийгээ дагаад сайн арматур зангидагч, сайн өрлөгчин, сайн авто зам барих мэргэжилтэн чухал. Тиймээс та ажил хайж байгаа бол Хөдөлмөрийн төв биржид хандан бүртгүүлж, “цалинтай” суралцан мэргэжилтэй болж, ажилтай болох боломж байгааг дуулгая. Хөдөлмөрийн төв биржтэй мөн 77111331, 77001331 дугаарын утсаар холбогдож болох юм байна.