Хуучирсан мэдээ: 2013.01.06-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатарын төлөө” гэх уриалгыг хэдэн жилийн өмнөөс гаргаж, тэмцсээр ирсэн нийслэлчүүд “Энэ төрийн томчууд гэр хороололд нэг очоод үздэг болоосой” гэж улиг болтол ярьсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболдын хамт өчигдөр нийслэлийн зах дүүргүүдээр явж, гэр хорооллын утаа ямархан байдалтай байгааг үзэж, танилцжээ.

Онцлог нь энэ талаар олон нийтэд мэдээлээгүй бөгөөд хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг дагуулж явж, “шоудсангүй”. Аль нэг дарга, гишүүн гэр хорооллын утаа, хогтой танилцахын тулд телевиз, сонин гээд хэвлэл, мэдээллийн байгууллагынхыг дуудаж, ажлаа “рекламддаг” тогтсон нэг уламжлал бий. Харин энэ удаад төрийн тэргүүн, спикерийн хамт өчигдөр орой захын дүүргүүдээр очжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 32-ын тойрог орчимд очиж, гэр хорооллын утаатай танилцсан байна. Энэ тухай Ерөнхийлөгч twitter хуудсандаа бичжээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулагдаад хоёр жил гаруйн нүүр үзэж буй. Гэвч нийслэлийн утаа багасаагүй гэдгийг Ерөнхийлөгч твиттертээ бичсэн байв. Аливаа ажлыг хийхдээ улстөрийн шоу хийхгүйгээр хийх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч олонтаа хэлж байсан.

Ямартай ч Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хамт гэр хорооллын иргэдтэй уулзаж, утаа буурсан эсэхийг шалгачихлаа. Холбогдох албаныхантай ч уулзаж, ярилцахаар боллоо. Ерөнхийлөгчийн албаныхантай хийсэн уулзалт утааг улиг болтол ярьсан нийслэлчүүдэд нэмэр болох буй за.

Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

Их Хурлын дарга бид 2 өнөө орой гэр хорооллын утааны байдалтай танилцаж санал солилцлоо.Утаа, халтиргаа, хог их бна.

Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

Юун хэвлэл дагах. Албаны өөр хүн ч яваагүй. Явах гэсэн газраараа яваад хүмүүстэй уулзаад явж болно биз. Иргэд баяртай байх шиг л байсан

Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

Утаан дунд байнга зогсож байдаг иргэд нэмэр хачиргүй үнэнийг ярив Ажил хариуцсан хүмүүстэй уулзана Ярих юм их бна


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж