
Бүтэн жилийн турш Месси болон Рональду нарын хэн хэн нь гайхалтай формтой байсан. Тиймээс тэдний ялах боломжийг тэнцүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Месси Ла лигийн өнгөрсөн улиралд 50 гоол оруулсан бөгөөд 2012 онд 91 гоол оруулснаар 1972 онд Герд Мюллерийн тогтоосон нэг жилийн 85 гоолын амжилтыг эвдсэн юм. Рональдугийн ирээдүй хаашаа шийдэгдэх нь эргэлзээтэй байгаа боловч тэрээр гэрээний талаархи асуудлаас аль болох зайлсхийж байна. Түүний “Реал Мадрид”-тай байгуулсан одоогийн гэрээ 2015 онд дуусах юм. Дэлхийн хамгийн үнэтэй тоглогч улирлын эхэнд “мэргэжлийн шалтгааны” улмаас сэтгэл дундуур байгаа тухай яриа хэвлэлийн гол сэдэв болж байсан. Рональду энэ талаар тайлбар хийгээгүй боловч түүнийг цалингаа нэмүүлэхийг хүсч байгаа гэсэн яриа газар авч байгаа юм. Зарим хэвлэлүүд түүнийг “Парис Сайн Жермэйн” эсвэл хуучин баг “Манчестер Юнайтед” руу буцаж магадгүй хэмээн бичиж байна. Одоогоос гурван жилийн өмнө Роналду “Реал”-д дээд амжилт тогтоож, 94 сая еврогоор ирж байсан билээ.