Сонгуулийн сурталчилгааны материалууд

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн сурталчилгааны материалууд


2013 оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн
тангараг өргөх ёслол болно. Уг ёслолтой холбоотой мэдээлэл, нийтлэл,
сурвалжлагыг мэдээллийн NEWS агентлаг, NEWS.mn сайт анх удаа өөрийн тусгай сурвалжлагчаар
дамжуулан хүргэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ онд мөн Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн
тангараг өргөх ёслолыг монгол хүн газар дээрээс нь сурвалжилж,
харьцуулалт, ажиглалт, тэмдэглэл, сурвалжлага бэлтгэх нь уншигч та
бүхний сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.
Ингээд манай тусгай сурвалжлагч Б.Жаргалын АНУ-гаас ирүүлсэн хоёр дахь нийтлэлийг хүргэж байна.

2005 онд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайхан нилээн ширүүн харцтай зургаа авахуулж, доор нь “Авилгачдыг цээрлүүлнэ” гэсэн уриа тавьж билээ. “Зургийг нь Гүүглээс хайгаад олсонгүй.”Тухайн үед эрх барьж байсан улс төрчид л их сандралдаж байсныг тод санаж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлэлт эхлүүлэх гэж байна, шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхлэх нь гээд л. Тэр айж сандралдсан хүмүүс нь манай улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогддог эрх мэдлийг залхаан цээрлүүлэлт гэж ойлгодог байсан юмуу, эсвэл тухайн үеийн Ерөнхийлөгч улс төрчдийг тэгтэл нь “залхаан цээрлүүлдэг байсан” юмуу, эсвэл Энхсайхан гуай тийм “ялах магадлал өндөр байсан” юмуу, одоо бодоход тэр урианд их л эгдүүцэж байсан юм. Харин өнөөдөр юун залхаан цээрлүүлэлт?! Авилгачид аль ч нийгэмд ад шоо үзэгдэх учиртай эрин үе нэгэнт иржээ, ирж …

АНУ-д яадаг вэ? Өнгөрсөн сонгуулиар өрсөлдсөн Митт Ромни, Барак Обама хоёр ийм айхтар уриа дэвшүүлэв үү, ер нь эдний сонгуульд ямар уриа дэвшүүлдэг вэ гэдгийг өнгийж харъя.1840 оноос өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх нэр дэвшигчдийн уриаг уншвал Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн түүхэн төсөөлөл бараг гарна. Бүх түүх нь бичээтэй, тэр нь нээлттэй, манайхтай харьцуулахын аргагүй бөгөөд энэ талаар ядаж улс төрийн намууд санаачлага гаргах хэрэгтэй санагдаж байна. Жишээ нь, Эх Орон намын Эрдэнэбат гуай 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ямар уриатай байсныг бодвол өөрөө санадаг л байх… Мэдээж, шийдвэрлэх ёстой асуудлуудаас гол гэснийгээ, хүний анхаарал татах хэлбэрээр томъёолдог нь ойлгомжтой.

Гэрэл зургийг artslondonnews.com, history1800s.about.com сайтуудаас авав.

Та бүхэн хар арьстнуудыг боолчлолоос чөлөөлсөн Чөлөөллын Тунхаглалд гарын үсэг зурсан Ерөнхийлөгч, АНУ-ын хар арьст анхны Ерөнхийлөгч нарын сонгуулийн хэвлэлийн хуудсыг харж байна. Утга төгөлдөр санаа агуулахаас гадна, “түүхэн хэлц” өгүүлдэгээрээ их содон хийцтэй. Ямар ч мессеж байсан хүнд хүргэж буй хэлбэр нь өөрөө баян. Америкууд хэрвээ өөрийг нь шүүмжилж дуулсан хамтлагийг шоронд хийвэл ямар ч Ерөнхийлөгч, ямар ч мундаг уриа дэвшүүлээд нэмэргүй. Нэг цагийн дотор л огцрох байх. Шүүмжлэл бол янз бүрийн хэлбэрээр, зарим нь илтэд дайрсан, шоглосон зэргээр зөндөө гарна. Гэхдээ ямар ч олон төрлийн зурагт хуудас, видео, тараах материал байсан хамгийн чухал нь түүн дээр бичигдсэн үг. “Нээх гоё плакат хийгээд л ялчихна” гэсэн ойлголт үнэндээ байхгүй, уучлаарай. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдгийг энд бүрэн утгаар нь харж болно.

Гэрэл зургийг o.canada.com, cartoonstock.com- оос авав.

Эндхийн улс төрийн өрсөлдөөнд нэг их соёлтой, гялалзаж гялтганаад байх юм ховор, тэр нь сонгуулийн сурталчилгааны материалд бүр тод илэрдэг. Нөгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ч сонгуулийн үеэр ингээд “бичигдчихсэн” тууж л явна. Онигоогоор бол байнга “өрсөлдөгчөө хийнэ”.

Нэг ийм онигоо байна.

“17 хүүхэдтэй нэг фермер байж гэнэ. Нэгээс бусад бүх хүүхэд нь Ардчилсан намыг дэмждэг, Жон гэдэг ганц хүү л Бүгд Найрамдахчуудыг дэмждэг гэнэ. Нэг өдөр тэр фермерын найз нь асууж гэнэ, яагаад Жон ганцаараа Бүгд Найрамдахч, бусад нь Ардчилсан намыг дэмждэг юм бэ гэж. Фермер хариулж гэнэ: Би ч энэ хэдэн хүүхдээ сайн хүн болгох гэж их хичээсэн дээ, өдөр бүр талбай дээрээ ажиллаж, байнга сүмд очдог байлаа. Харин тэр Жон чинь, багадаа их муухай ааштай хүүхэд байсан юм, дээр нь бас уншаад сурчихсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, уншаад сурчихсан нь зөв сонголт хийдэг, тэр нь Бүгд Найрамдахчууд гэсэн үг. Гэхдээ иймэрхүү юманд “эмзэглээд, гоншигоноод, шүүхдээд байх улс төрч” цөөн бололтой. Дараах үгнээс бүр тодорхой харагдана.

“Obama: They talk about me like a dog.”2010 онд Вискинсонд болсон нэг уулзалт дээр Обама ингэж хэлснийг нь CNN дамжуулж байсныг үзсэн юм. Бүгд Найрамдахчууд нь ч бас тэгдэг л бололтой Ерөнхийлөгч л болчихвол бүх ажил нь ногоон гэрлээр бүтдэггүйг ойлгуулж, чангалж өгдөг бололтой юм. Хамгийн том эрх мэдэл Ерөнхийлөгчид биш хууль тогтоох байгууллагын дээд, доод танхимуудад бий. Ерөнхийлөгчөө хэрхэн “дуудаж загнах, тайланг нь сонсох, раманд нь байлгахаа” тэд дэндүү сайн мэднэ.

Гэрэл зургийг pbs.org, theteaparty/facebook.page –ээс авав.

Ийм улс төрийн хэлц үгнүүд сонгуулийн сурталчилгаанд ихээр ашиглагдана. Сонгуулийн сурталчилгаа бол тасралтгүй хийгддэг ажил. Их хурлаас сонгууль зарлахаар л “хэдэн пиарчин хөлслөөд” хийлгэчихдэг ажил яавч биш. Мөн түүнчлэн сурталчилгаатай холбоотой сонгуулийн кампанит ажлын статистик гэж их сонин зүйл гарна. Хэдэн удаа утсаар ярьсан, хэдэн удаа айлын хаалга тогшсон гээд. Сонгуулийн кампанит ажлын үр дүнгээ дүгнэх, тайлангаа гаргахад их чухал аж. Ялсан, ялагдсан гэдэг нь гол хэмжүүр хэдий ч тэр олон зуун мянган хүний хөдөлмөрийг статистик үзүүлэлтээр гаргаж ирэх нь дараа дараагийн ажилд ч урамтай санагдсан юм. Хэрвээ сонгуулийн мессежээ амжилттай томъёолж чадвал, сурталчилгааныхаа материалыг үнэхээр сайн хүмүүст хүргэж чадвал сонгуулийн өдөр хүмүүс саналаа өгөхөөр ингэж дугаарлаж зогсдог. Асуудал ч байна, шийдвэрлэх хүсэл ч байна, нэр дэвшигч нь ч, нам нь ч, жирийн иргэд нь ч идэвхитэй. Сонгууль бол хүн бүрийн асуудал болохоос зөвхөн МАНАН ч юмуу, эсвэл “1, 2, 3, 4-р“ хүмүүсийн асуудал биш гэдгийг энд харж болно.

Гэрэл зургийг theteaparty/facebook.page, wlwt.com- оос авав.

Мэдээж, сонгуулийн сурталчилгааг гэрэл зураггүйгээр төсөөлөхийн аргагүй. Зурагт хуудсуудад ашигласан гэрэл зургууд бүгд зохиогчийн эрхтэй, мэргэжлийн түвшинд гэхээсээ илүү “улс төрийн гэрэл зургууд” байдгаараа онцлогтой. Мундаг мундаг дээлтэй, том том шляп тавьсан, толгой эргэж унамаар үнэтэй хөөрөг барьсан зургаа хэзээ ч ашиглахгүй. Хэрвээ ашиглаад амжилт олдог бол эдэнд сая сая долларын үнэтэй онгоц машин байх нь байна аа бас.Гэвч улс төрчдийн хийх ажил нь дээл өмсөх, загвар үзүүлэхээсээ илүү үгээ бодох, “байр сууриа хамгаалах”, “зөв гэдгээ нотлох”, түүнийгээ ухуулах сурталчилах юм. Хэрвээ хүмүүсийн анхаарлыг “ганц хувь гар аргаар хийсэн торгон дээл”-ээрээ татах гэж байгаа бол хүмүүс ажлын чинь тухай биш дээлний тухай л ярина, харин өрсөлдөгчид чинь “дээлээр халхалсан луйвар” байна л гэж шүүмжлэнэ.

2013.01.04

Б.ЖАРГАЛ

Холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж