Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Өмнөд Атлантын тэнгист орших Фолклэнд нэртэй эжижиг арлын хувь заяа хэрхэн эргэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. 1982 онд Аргентин, Их Британи улс арлыг өөрийн эзэмшилд багтаахын тулд бага хэмжээний дайн хийсэн нь түүхэнд Фолклэндийн дайн нэрээр үлдсэн билээ. Энэ дайнд Их Британи ерөнхийдөө ялалт байгуулан өөрийн эзэмшлийн газар нутаг хэмээн дэлхийд зарласан. Гэхдээ Аргентин үүнийг зөвшөөрөхгүй байсан нь тодорхой. Аргентин улс 1982 оны дайны дараа цэргийн зарим баазаа энэ арлаас татаагүй юм.

Энэхүү маргаантай арлын асуудлаар Их Британийн ерөнхий сайд Девид Камеронд, Аргентины ерөнхийлөгч Кристина Кришнер пүрэв гаригт ил захидал илгээжээ. Уг захидалд “Их Британийн колоничлол үнэхээр хүчтэй байна. Гэхдээ Аргентин улс энэ газар нутгаа эргүүлэн авах нь шударга хэрэг болно” гэжээ. Энэхүү ил захидлыг Британийн бүх хэвлэлүүд бүрэн эхээр нь нийтэлсэн юм.

Сүүлчийн маргаан

Аргентины ерөнхийлөгч сүүлийн хоёр жилийн хугацаанд Фолклэндийн тухай асуудлыг хүчтэй хөндөж, НҮБ болоод бусад олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд руу захидал илгээж байсан билээ. Гэвч эдгээр байгууллагуудын зүгээс тодорхой хариуг одоо болтол ирүүлээгүй байгаа юм. Их Британи улс 1982 оноос хойш энэхүү арлыг цэргийн бүс болгон ашиглаж байсныг санахад илүүдэхгүй. Аргентинчүүд өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон нэгэн үйл явдалын дараа Их Британийг улам их үзэн ядах болсон юм. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Антарктидын ойролцоо байх Их Британийн мэдлийн нэгэн арлыг хатан хаан II Элизабетийн нэрээр хүндэтгэн нэрлэснээс хойш Аргентин улсад маш олон тооны эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ. Хамгийн сүүлд “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн яг энэ асуудлаар уулзалдсан ч бас л тодорхой үр дүнд хүрээгүй гэдгийг Киршнер хэлсэн юм. Өнгөрсөн зуны олимпийн үеэр ч Аргентины шигшээ багийн тамирчид Фолклэндын арлыг өөрийн газар нутаг гэдгийг гэрчлэх зурагт хуудсыг дэлхий нийтэд харуулсан юм.

Арвин баялаг

Фолклэндийн арал газрын тосны арвин нөөцтэй. Газрын тосноос гадна байгалийн хийн нөөц ч чамгүй бий гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Энэхүү арлыг 17 дугаар зуунд анх газрын зурагт тэмдэглэгдсэнээс хойш Испани, Франц зэрэг улсууд сонирхоцгоож, бага хэмжээний дайн дэгдээж байсан ч баримтууд бий. Фолклэндийн арлын 320 км-ын радиус дотор 8,3 тэрбум баррел газрын тосны нөөц бий гэдгийг Британийн шинжилгээний байгууллага олж тогтоожээ. Газрын тосны нөөцийн тухай мэдээлэл нийтэд ил болсноос хойш Аргентины компаниудын сонирхол ихэсч, шинжилгээний багуудаа ар, араас нь Фолклэнд рүү илгээсээр байгаа юм. “Энэ бол зүгээр л нэг газрын маргаан биш. Асар их мөнгөний тухай асуудал. Энэ арлыг Их Британи улс Аргентинд сайхан сэтгэл гаргаад найр тавиад өгчихөж чадахгүй. Харин хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах байх. Ямар ч байсан ирэх гуравдугаар сард юу болох нь тодорхой болно” гэж Абердийний их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор Алекс Кемп ярьжээ.

Шинэ засаглал

Ирэх гуравдугаар сарын 10-нд Фолклэндийн арал өөрийн гэсэн тусдаа удирдлагатай болно. Нэг ёсондоо шинэ засаглал нэвтэрнэ гэсэн үг. Энэ арлын шийдэх хамгийн том асуудал бол эдийн засгийн тусгаар тогтнол. Хэрхэн шийдвэрлэх нь тийм тодорхой биш ч ямар ч байсан танхимын бүрэлдэхүүн, засаглалын хэлбэрийг барууны жишгээр шийдэх болов уу гэж мэргэжилтнүүд үзэж байна. 1982 онд Их Британийн талд шилжсэнээсээ хойш зөвхөн цэргийн түшиц газар байсан бол ийнхүү ирэх жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татах нь гарцаагүй юм. Хонгконгын асуудлыг Хятад хэрхэн шийдсэн шиг Фолклендыг Их Британи улс өрнийн “Хонгконг” болгох гэж оролдож байна.

17 дугаар зуунаас хойш их гүрнүүдийн шүлсийг гоожуулж байсан энэ арал ирэх гуравдугаар сараас шинэ системээр замнана. Үүнийг Аргентин чих тавин харж байгаа ч бүрэн утгаар нь шилжүүлж өгөх итгэл тунчиг бага байгаа юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж