Я.Фишер хоёр улсын харилцаанд чухал түлхэц үзүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Я.Фишер хоёр улсын харилцаанд чухал түлхэц үзүүлсэн гэв

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Эрхэмсэг ноён Ян Фишер энэ оны тавдугаар сарын 19-20-нд Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Тус айлчлал нь БНЧУ 1993 онд байгуулагдсанаас хойш Чехийн талаас Засгийн газрын төвшинд хийж байгаа анхны айлчлал, мөн манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм. БНЧУ 1996 оноос хойш зүүн Европын орнуудаас манай улсад хамгийн анх туслалцаа үзүүлж байсан. Айлчлалын хүрээнд хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээр хийж хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцан хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэх талаар санал солилцсон. Ерөнхий сайд нар уулзалт, хэлэлцээрийн үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, дэд бүтэц, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон аж. Эдгээрийн дотор дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдийг үргэлжлүүлэх, түүний дотор дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, 100 мянган айлын орон сууц төслын хүрээнд хамтран ажиллах, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ялангуяа цементийн үйлдвэрийн технологийн чиглэлээр хамтран ажиллах, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт эрдэс бордооны үйлдвэр, мах махан бүтээгдэхүүн зэрэг боловсруулах үйлдвэр байгуулхад, байгаль орчин нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллаж, уул уурхайн чиглэлээр туршлага солилцох болсон байна. Мөн Европын холбооны стандарт, шалгуур нөхцлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд БНЧУ-тай хамтран ажиллах туршлага солилцох сонирхолтой байгаагаа мэдэгдсэн байна. Хоёр улсын Соёлын яам хоорондын соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах, Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд 2010.2013 онд хамтран ажиллах болсон байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж