Санхүүжилт хүссэн компани Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргаж хөрөнгө босгох, эсвэл компанийнхаа тодорхой хувийг өөр компанид зарж, хөрөнгө оруулалт авч, хамтарч бизнесээ үргэлжлүүлэх гэх мэт янз бүрийн арга замаар санхүүжилт босгодог. Эсвэл зээлдэгчээс зээл авч болно. Энэ бүх үүргийг санхүүгийн зуучлагч хөрөнгө оруулалтын банкууд гүйцэтгэдэг. Тэд хөрөнгө оруулагчидтай харьцаж мөнгөө оруулж болох төслүүд санал болгодог.
Харин Монголд одоогоор бизнесийг санхүүжүүлэх ганц эх үүсвэр нь банкууд л болоод буй. Харамсалтай нь, манайд инфляци өндөр учраас хадгаламжийн болон зээлийн хүү хэт өндөр байгаагаас бизнес хийхэд улам хүнд болж байна.
Зарим хүн бизнес хийгээд ч яахав, банкинд мөнгөө хадгалуулж мөнгөө өсгөж болно гэж ярьж байна.
Уг нь ийм нөхцөлд манайд санхүүгийн зуучлал хүчтэй хөгжих боломжтой. Мөн энэ салбарт өрсөлдөөн эрчимжиж чадвал зээлийн хүү ч гэсэн буурах боломжтой билээ.
Жишээ нь, Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/ энэ жил манай хэд хэдэн компанид хүү багатай их хэмжээний зээлийг санхүүгийн зөвлөхүүд буюу хөрөнгө оруулалтын банкуудын зуучлалын тусламжтай олгосон билээ.
ЕСБХ банкны энэ оны хамгийн том санхүүжилт нь “МАК”-д /Монголын алт компани/ олгосон 250 сая ам.долларын зээл. Энэхүү зээлийг тус компани Цагаан суварга зэсийн төслийг хэрэгжүүлэхэд зориулна гэж буй. Мөн “Ньюком” компанийн Салхит, салхин паркийн төсөлд 86 сая, Хасбанканд 46 сая, “BSB электроникст” зургаан сая гээд 10 хувиас бага хүүтэй зээл олгож, санхүүгийн зах зээлийн хамгийн хүсэмжит зээлдэгч болоод байна.
BSB электроникст зургаан сая ам.долларын зээлийн санхүүжилтийг MICC гэдэг хөрөнгө оруулалтын банк зуучилсан байна. Уг компани “Цаст Констракш”-д 10 сая еврогийн зээл, “Сүү” компанид зургаан сая ам.долларын зээл, “Монлаа”, “GN Beverage” зэрэг компаниудад гадны хөрөнгө оруулалтын компаниуд болон банкуудаас санхүүжилт зуучилж өгсөн байна.
Энэ мэтчилэн санхүүгийн зуучлал сайн хөгжвөл компаниудад хүү багатай зээл олдох боломж өндөр байна.
Мөн хөрөнгө оруулалтын банкууд компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтээс санжүүжилт татах санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэдэг. Энэ тал дээр BDsec брокер дилерийн компани хамгийн их туршлагатай нь. Хөрөнгийн зах зээл хөгжих тусам үнэт цаасны ертөнц том, дунд, жижиг гээд компаниудын хэмжээнд нь тохирсон зах зээлийг үүсгэж өгдөг. Хэрвээ манайд үнэт цаасны зах зээлд хөгжиж, бирж дээрх хөрөнгө оруулагчид нэмэгдвэл компаниуд хэмжээндээ тохирсон самбартаа хувьцааг гаргаж санхүүжилт босгох боломжтой болно. Эсвэл компаниуд хувьцаагаа буюу эзэмшлээ хөрөнгө оруулагчдад зарж хөрөнгө оруулалт олж болно.
Ийм жишээ энэ жил хэд, хэд гарсан. Жишээ нь, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “НАКО” түлш ХК 500 мянган ам.долларын хувьцаанд хөрвөх зээлийг “2-Pak Resources Investments SARL” гэдэг компаниас авчээ. Иймээс сан “2-Pak Resources” НАКО түлшийн 60 хувийг эзэмшихээр болсон. Үүгээрээ “НАКО” түлшний үйлдвэрээ сэргээн босгож байна.
Гадны банкууд ч гэсэн эдийн засгийн өндөр өсөлттэй оронд хөрөнгө оруулахыг хүсдэг. Эдийн засаг нь өсч буй оронд мөнгө, санхүүжилт хэрэгцээ эрс нэмэгддэг учраас өсөлтийн үеийг ашиглаж хөрөнгөө өсгөх сонирхолтой зээлдэгчид олон бий.
Манай улсад санхүүгийн ганц эх үүсвэр зөвхөн банк байгаа нь хэд хэдэн сөрөг нөлөөтэй. Жишээ нь Монголд хадгаламж ихэнхдээ богино хугацаатай учраас банкууд богино хугацаанд эргэлддэг худалдаа, импортын салбарт зээл олгож чадна. Гэтэл цаг хугацаа шаардлагатай уул уурхай, дэд бүтэц, барилгын төслүүдийг санхүүжүүлэхд манай банкуудын нөхцөл тохиромжтой биш.
Мөн банкууд маань одоохондоо хараахан ЕСХБ шиг 250 сая ам.доллар гаргачих чадалтай болоогүй байна. Ийм нөхцөлд монголчуудын хувьд гарцаагүй гадны том банкуудын санхүүжилтэд найдлага тавьж байгаа.
Гэхдээ Монголын төр дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхээр өнгөрсөн онд хоёр ч удаа дэлхийн өрийн зах зээлд бондоо /Засгийн газрын 1,5 тэрбум ам.долларын болон Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд/ зарж, хөрөнгө босгоод байна.
“Энержи Ресурс” буюу “Mongolian mining corporation” 600 сая ам.долларын жилийн найман хувийн хүүтэй бонд гаргаж төмөр замын төслөө санхүүжүүлж байна. Мэдээж энэ нь ямар ч байсан одоохондоо Монголын банкуудаас олдохгүй бага хүүтэй хөрөнгө оруулалт гэсэн.
Энэ бол манай банкууд зах зээлийнхээ эрэлтэд багадаж байна гэсэн үг. Одоохондоо манай зах зээл дээр хөрөнгө оруулагчид хангалттай олон биш ч гэсэн санхүүгийн зуучлалын байгууллагууд буюу хөрөнгө оруулалтын банкуудын өрсөлдөөн нэмэгдвэл санхүүжилтийн эх үүсвэр үнэтэй гэхийн зовлон багасах боломжтой юм гэж дотоодын компаниуд найдлага тавьж байна.